Шууд Chart

Дэлхийн их гүрнүүд Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэнэ

2016-05-17 10:29:24

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд зэвсгийн худалдааны хоригийг цуцалж, Ливийн эв нэгдлийн Засгийн газарт зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Исламын улс бүлэглэл болон Ливид үйл ажиллагаа явуулж байгаа бусад алан хядагч бүлэглэлтэй тэмцэхэд тусламж үзүүлэх зорилгоор дэлхийн их гүрнүүд ийнхүү шийдвэрлэсэн байна.

Өчигдөр Вена хотноо болсон уулзалтын дараа энэ тухай албан ёсны хамтарсан мэдэгдэл гарсан бөгөөд Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орон ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи бүгд, мөн уулзалтад оролцсон бусад 15 орон тус хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Ливи улсын эв нэгдлийн Засгийн газар НҮБ-ын Ливийн хориг арга хэмжээний хороонд зэвсгийн хоригийг цуцлах хүсэлт хүргүүлээд байгаа юм. Энэ хүсэлтийг дэлхийн их гүрнүүд бүрэн дэмжиж байгаа гэдгээ сая гаргасан хамтарсан мэдэгдэлд илэрхийлсэн байна. Ливийн эв нэгдлийн Засгийн газар терроризмтой тэмцэх ажиллагаанд шаардлагатай байгаа зэвсэг хэрэгслийн жагсаалт гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгт хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Их гүрнүүд Ливийн эв нэгдлийн Засгийн газрыг тус улс дахь цор ганц хууль ёсны засаг барих байгууллага гэж хүлээн зөвшөөрч байгааг энэ удаагийн хамтарсан мэдэгдэл харуулж байна. Венад болсон уулзалтад оролцогчид Триполи хот дахь дипломат төлөөлөгчийн газруудынхаа үйл ажиллагааг сэргээхэд бэлэн гэдгээ мөн уулзалтын үеэр илэрхийллээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхийн их гүрнүүд Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэнэ  
Үзсэн: 1122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй