Шууд Chart

Японы Киото хотод “Аои мацури” наадам боллоо

2016-05-17 10:40:23

Японы Киото хотын ард иргэд жил бүр тэмдэглэдэг гурван гол баярынхаа нэгийг тэмдэглэн өнгөрүүлжээ. “Аои Мацури” буюу халуу цэцгийн баяр 1400 орчим жилийн өмнөөс эхтэй бөгөөд жил бүрийн 5-р сарын 15-ны өдөр тохиодог юм. Эртний түүхийн эх сурвалжаас үзвэл “Аои Мацури” наадам манай эриний 539-571 оны хооронд төр барьж байсан Японы эзэн хаан Кинмейн үед анх үүссэн байна.

Японы эзэн хаан бурхадыг тахиж, арвин их ургац гуйлгахаар өөрийн элч, зөвлөх нараа Киото дахь Камогийн хоёр сүм болох Камигамо, Шимогамо сүмүүдэд илгээсэн нь “Аои Мацури” наадмын эх болжээ. Жил бүрийн наадмаар дээрх түүхэн явдлыг бэлгэдэн хааны элчээр толгойлуулсан цуваа хоёр сүмийг зорьдог байна. Хааны элчийг төлөөлсөн ёслолын гол оролцогчийн араас 2 үхэр тэрэг, 4 үхэр, 36 морь, 600 хүн дагалдан явна.

Эдгээр хүн бүгд эртний Японы уламжлалт хувцас, эдлэл хэрэглэл өмсч, аои буюу халуу цэцгийн навчаар хувцсаа гоёдог байна.  Наадамд мөн Шимогамо сүмд өөрийн амьдралаа зориулахаар шийдсэн хааны эгч дүүс, охидоос нэгийг сонгон илгээдэг уламжлал байсан. Энэ эмэгтэйг орчин үеийн наадамд Киото хотын гэрлээгүй эмэгтэйчүүд төлөөлөн оролцох болжээ.

Наадмын хамгийн хүндтэй дүр болох тус ариун эмэгтэйн дүр энэ онд 26 настай Вака Нишимура гэх эмэгтэйд оногдсон байна. Тэрээр Хэйан эриний үеийн 12 давхар торгон дээлээр гоёж, ёслолд оролцлоо. Нишимурагийн тэргүүлсэн цуваа Камо сүм рүү явах замд 80 мянга гаруй хүн цугларч, цувааг үзэж сонирхсон байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японы Киото хотод “Аои мацури” наадам боллоо   
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй