Шууд Chart

Армен, Азербайжаны удирдагчид Венад уулзаж, уулын Карабахын тухай хэлэлцлээ

2016-05-17 10:44:14

ОХУ, АНУ, Франц улсын зүгээс Уулын Карабах бүс нутгийн маргааныг шийдвэрлэх яриа хэлэлцээ эхлүүлэхийг Армен, Азербайжаны удирдагчдад уриалж байна. Сүүлийн 26 жилд харьцангуй тайван байдалтай байсан тус бүс нутагт өнгөрсөн сард дахин зэвсэгт мөргөлдөөн гарч, олон арван хүн амь үрэгдсэн юм.

Иймээс Уулын Карабахт гал зогсоох тухай 1994 онд байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилготой уулзалт өчигдөр Австрийн нийслэл Вена хотноо зохион байгуулагдсан байна. Тус уулзалтад Армены ерөнхийлөгч Серж  Саргся́н, Азербайжаны ерөнхийлөгч Ильха́м Али́ев болон Америк, Оросын гадаад хэргийн сайд нар, бусад дээгүүр албаны төлөөлөгчид оролцжээ.

Азербайжан, Армен хоёр орны хооронд харилцан итгэлцлийг сэргээх, 20 гаруй жилийн турш тодорхой үр дүнгүй үргэлжилсний эцэст зогссон энхийн яриа хэлэлцээг дахин эхлүүлэх зэрэг асуудал энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх сэдвийн төвд байлаа. Уулын Карабах дахь гал зогсоох шугам дагуу байрлуулсан ажиглалтын хэрэгслийг нэмэгдүүлэх, хэлэлцээрийг зөрчсөн тохиолдлыг баримтжуулахын тулд хуучирч, ашиглалтаас гарсан ажиглалтын камеруудыг шинэчлэх зэрэг саналыг уулзалтын үеэр дэвшүүлжээ.

Армен, Азербайжаны ерөнхийлөгчид үүний өмнө өнгөрсөн 12 сард уулзалт хийсэн. Хоёр тал аль аль нь Уулын Карабахын маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч талуудын энэ байр суурийг үл харгалзан өнгөрсөн сард Уулын Карабахт дахин зэвсэгт мөргөлдөөн үүссэн юм. Энэхүү мөргөлдөөн Оросын зуучилсан хэлэлцээрээр намжих хүртэл Армен, Азербайжаны нийт 75 орчим цэрэг, мөн хэд хэдэн энгийн иргэн амь үрэгдсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Армен, Азербайжаны удирдагчид Венад уулзаж, уулын Карабахын тухай хэлэлцлээ  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй