
“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсныг өнөөдөр Л.Эрдэнэчимэг гишүүн өргөн мэдүүлэв. УИХ-д өргөн барьж байгаа тогтоолын төсөл нь 6 заалттай, 1 хавсралттай аж.
Тогтоолын 1 дэх заалтаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмыг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоолоо. Учир нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж”-ийн 2-ын 1 дэх заалтанд “Ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбар”-ыг судалж үзэх гэсэн зарчим, удирдамжийг баримталсан болно.
Тогтоолын 2 дахь заалтаар Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн.
Тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа болно. Учир нь Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Засгийн газрын энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” мөн зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг зөрчиж байна. Иймд тогтоолоор Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын 3 дахь заалтын “…хувьцааг саналын эрхгүй” гэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Тогтоолын 4 дэх заалтаар Засгийн газарт холбогдох үүргийг даалгаж байгаа болно. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болголоо. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82.89 % буюу 12, 433, 326, 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05% буюу 2,558,175,510 ширхэг хувьцаа 2,475,201 иргэний нэр дээр 0,06% буюу 8,497,671 ширхэг хувьцаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн нэр дээр тус тус бүртгэлтэй байна.
Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалтыг Тавантолгойн ордыг ашиглах Гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгөх заалтыг Улсын Их Хурлын тогтоолд тусгах нь зүйтэй гэж тогтоол санаачлагчид үзлээ.
Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах шийдвэрийг гаргахдаа улс орны үндэсний аюулгүй байдал, нийт ашиг сонирхол, хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг уялдуулж алдаагүй, зөв шийдвэрлэх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх тул Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжийг батлах зайлшгүй шаардлагатай юм.
Иймд тогтоолын 5 дахь заалтаар хавралт баталж байгаа бөгөөд уг хавсралтаар Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад баримтлах чиглэл, удирдамжийг батлах, гэрээний төслийг холбогдол хууль тогтоомж, эрх бүхий байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэрт нийцүүлэх, тогтоолын хавсралтаар батлагдсан удирдамж, чиглэлийг баримталж хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцлийг тохиролцох үүргийг Засгийн газарт өгч байгаа болно.
Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Тавантолгойн нүүрсний ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрт баримтлах зарчим, удирдамжийг баталсан. Энэ зарчим, удирдамжийг одоогийн нөхцөлд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулан шинээр баталж байна. Ингэснээр Засгийн газар Хөрөнгө оруулагч нартай маш тодорхой удирдамжтай хэлэлцээр хийж, төрийн эрх ашгийг хамгаалах боломжтой болно.
Тавантолгойн ордыг ашиглах тогтоолын төслийг мэдүүллээ | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.