
ОХУ-ын нэг хэсэг болох Дагестаны Бүгд Найрамдах Улсад цагдаагийн албан хаагчид болон салан тусгаарлагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн болсны улмаас нийт 6 хүн амь үрэгдсэн байна. Тэдгээрийн хоёр нь цагдаагийн албан хаагчид байсан гэдгийг албаны эх сурвалж мэдэгдлээ.
Зэвсэгт мөргөлдөөн цагдаагийн албан хаагчид тус улсын хойд Кавказын бүс нутагт байрлах Дербент хотын сэжиг бүхий нэгэн барилгыг шалгах явцад гарсан байна. Цагдаагийн албан хаагчид уг барилгад салан тусгаарлах хэт давруу үзэлтнүүд байрлаж байна гэсэн мэдээллийн мөрөөр уг шалгалтыг зохион байгуулжээ. Одоо хэргийн газрыг шалгаж байгаа бөгөөд салан тусгаарлагчдаас 4 хүн амь үрэгдсэн болохыг цагдаагийн байгууллагынхан онцоллоо.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээллээр бол Дагестан, Чечень зэрэг Исламын шашинт улсуудаас 1700 гаруй хүн Сирид очиж "Исламын улс" террорист бүлэглэлд нэгдэн орсон тухай судалгаа байдаг. Орос улс Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын Засгийн газрын цэргийн хүчинтэй хамтран "Исламын улс" террорист бүлэглэлийн эсрэг хүчтэй тэмцэл хийж байгааг эсэргүүцэх хүмүүс Кавказын бүс нутагт цөөнгүй бий.
Тиймээс Оросын Засгийн газар энэ бүс нутаг дахь цэрэг, цагдаагийн хүчээ эрс зузаатгаад байна. Гэсэн хэдий ч энэ нутагт зэвсэгт мөргөлдөөн, алан хядах ажиллагаа болох өндөр магадлалтай байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Замын цагдаагийн хяналтын постын хажууд бөмбөг бүхий машин дэлбэрснээр мөн хоёр цагдаагийн албан хаагч амь үрэгдэж байсан түүхтэй. Цагдаагийн байгууллагынхан сая болсон зэвсэгт мөргөлдөөний хэргийг эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд тус хэрэгт холбогдолтой бүх этгээдүүдийг олохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана гэдгээ амласан байна.
Цагдаагийн хоёр албан хаагч амь үрэгджээ | ||
Үзсэн: 2999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.