
Колумбын цагдаагийн байгууллага тус улсын түүхэн дэх хамгийн том хар тамхины эсрэг ажиллагааг амжилттай зохион байгуулсан талаар зарлалаа. Албаныханы мэдээлж байгаагаар энэ ажиллагааны үеэр нийт 8 тонн кокайн хураан авсан нь тус улсын түүхэнд байгаагүй том амжилт юм байна.
Цагдаагийнхан Колумбын нийслэл Богота хотоос 490 километрийн зайд далайн эрэг дээр орших Турбо хотын нэгэн гадил жимсний тариалангийн доор орших нууц зоорийг олж илрүүлэн, шалгах явцад энэ их хэмжээний хар тамхийг олжээ.
Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ажиллагаанд оролцсон нийт цагдаагийн албан хаагчдад баяр хүргээд, тэдний зохион байгуулсан энэ арга хэмжээ нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлд маш том цохилт болсон гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Одоогоор эдгээр хар тамхинууд аль гэмт хэргийн бүлэглэлийнх болохыг шууд хэлэхэд хэцүү байгаа ч Колумбын хамгийн том хар тамхины картел болох Усуга бүлэглэлийнх байх өндөр магадлалтай гэдгийг сэтгүүлчид санууллаа.
Одоо цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд ажиллагааны үеэр баригдсан гурван этгээдийг байцааж байгаа юм байна. Нийтдээ 360 уут өндөр зэрэглэлийн кокайныг АНУ болон Европын холбооны улсуудад нийлүүлэхээр төлөвлөж байсан байж болох юм. Засгийн газар хураан авсан хар тамхиныхаа зарим хэсгийг эмийн зориулалтаар ашиглах бол үлдсэн хэсгийг устгахаар төлөвлөж байгаа гэнэ.
Хар тамхины эсрэг ажиллагаа амжилттай боллоо | ||
Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.