Шууд Chart

Далай эргээс хэдэн зуун мянган үхсэн загас олжээ

2016-05-18 15:51:33

Чили улсын нийслэл Сантиаго хотоос 800 километрийн зайд орших Толтен амралтын бүсийн далайн эрэг дээр ойролцоогоор 500-600 тонн үхсэн сүрэг сардин загас олдсон болохыг тус улсын байгаль орчны яамнаас мэдэгдлээ. Одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө Чили улсын Күйлэ гол дээр мөн дээрхийн адил үзэгдэл болж маш олон тооны үхсэн сардин загас олдож байсан юм. Хэдийгээр дэлхийн байгаль орчныг хамгаалах олон байгууллагууд судалгаа хийж үзсэн боловч яг ямар шалтгааны улмаас сардин загаснууд ийнхүү олноороо үхэх болсныг тайлбарлаж чадаагүй байна.

Зарим эрдэмтэн энэ олон загасны үхсэн шалтгааныг далайн урсгал солигдсоны улмаас ус хэтэрхий дулаарсантай холбон тайлбарлаж байгаа бол сардин загасны дунд гэнэтийн халдварт өвчин гарсан байж магадгүй гэж үзэх хүн ч цөөнгүй байгаа юм. Юутай ч байгалийн энэ өвөрмөгц үзэгдлийн улмаас Чилийн загасчдын орлого эрс буураад байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс онц байдал зарлалаа. Учир нь загасчид болон тэдний гэр бүлүүд эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн байна. Тэдний үзэж байгаагаар загас ихээр үхэж байгаа нь тус улсад яргай загасны усан ферм байгуулагдсантай холбоотой гэнэ.

Мэргэжлийн байгууллагууд яргай загасны энэ ферм нь сардин загаснуудын үхэлтэй ямар ч холбоогүй гэдгийг удаа дараа зарласан боловч жагсагчид энэ мэдээллийг худал гэж үзэж байгаа юм. Одоо Чилийн тал олон улсын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгүүдэд хандан энэ хөнөөлт үзэгдлийн шалтгааныг тогтоох тал дээр хамтран ажиллахыг уриалаад байна. Тэдний энэ саналыг цөөнгүй эрдэм шинжилгээний хүрээлэнэн хүлээн авсан гэдгийг албаныхан онцолжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Далай эргээс хэдэн зуун мянган үхсэн загас олжээ  
Үзсэн: 1356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй