
Өнөөдөр Олон Улсын музейн өдөр тохиож байгаатай холбогдуулан шинэ үеийн музейн өнгө төрх хэрхэн хувьсан өөрчлөгдөж, техник технологи, архитектурын шинэлэг шийдлийг нэвтрүүлж байгаа талаар сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Эхний онцолж байгаа музей бол ирэх наймдугаар сард зуны олимп, паралимпын наадам зохион байгуулагдах Бразилийн Рио де Жанейро хотод байрладаг “Ирээдүйн музей” юм.
“Рио-2016”-г үзэхээр Бразилийг зорьж байгаа хүн бүр энэ музейд зочилвол харамсахгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. “Ирээдүйн музей” нь шинжлэх ухааны музей бөгөөд эд зүйлсийн гэхээсээ илүү санааны музей гэдгээрээ онцлог юм. Энэ музейд төрөлх гарагаа авран хамгаалах, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгаас сэргийлэх санаануудыг шинэлэг технологи, өвөрмөц өнцгөөс танд харуулна.
Иймээс музейд зочлогсод дэлхийгээ авран хамгаалах шинэлэг санаа олох, цааш түгээн дэлгэрүүлэх онгодоор өөрийгөө хөглөх боломжтойг музейн удирдлага хэлж байна. “Маргаашийн музей” мөн ирээдүйн өнгө төрхийг тусгасан өвөрмөц шийдэл бүхий барилга, ирээдүй цаг дэргэд ирснийг мэдрүүлэх технологийн дэвшилтэт орчноороо олон нийтэд танигдсан юм. Байгаль дэлхийгээ хайрлах санааг ажил хэрэг болгоход музейн барилга ч хувь нэмрээ оруулж байна. Хамгийн орчин үеийн шийдэл, инженерийн ур ухаанаар бүтсэн энэ музейн барилга уламжлалт загварын барилгаас 40 хувиар бага эрчим хүч ашигладаг юм.
Мөн музейн барилга хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ 9 хувийг нарны гэрлээс хангаж, ойролцоох эргийн гүний усаар сэрүүцүүлэх системээ ажиллуулдаг байна. Энэ музей өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад орсон юм. Шинжлэх ухаан, урлаг, уран зөгнөлийн нэгэн цогц болсон энэхүү музейг байгуулахад 59 сая америк доллар зарцуулжээ. Шинэ эриний музейн өнгө төрхийн нэг бэлхэн жишээ болсон “Маргаашийн музей” олимпийн үеэр жуулчдын олноор хүрэлцэн очих цэгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байна.
Рио де Жанейро хотын "Маргаашийн музей" | ||
Үзсэн: 1730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.