
Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Х.Тэмүүжин гишүүний санаачлан боловсруулж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан нь баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулах эсэх нь талаар тодорхойгүй байдал үүсэж, захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэх шаардлага үүсээд байгаа аж. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дээрх зүйлд заасан баривчлах, торгох шийтгэлийн алийг нь оногдуулах болон баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхойлж өгөөгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болоод байгаа юм байна.
Иймээс дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Замын хөдөлгөөний хуульд өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.