
Шанхай хотын байгалийн түүхийн музей өнгөрсөн онд архитектурын өвөрмөц шийдэл бүхий цоо шинэ барилгад нүүн орсон байна. Тус музей нь 1920-иод онд ашиглалтад орсон өмнөх барилга хуучирч муудсан учраас 44 мянга 517 шоо дөрвөлжин метр талбайд байгуулсан архитектурын уран шийдэл бүхий шинэ барилгад нүүжээ. Хятадын байгалийн түүхийн хамгийн том музейн нэгт тооцогддог Шанхайн энэ музейд дэлхийн бүх тивийн 10 мянга гаруй үзвэрийг байрлуулсан байна.
Үүнээс гадна 4 хэмжээст театр, гадаа талбайн үзэсгэлэнгийн цэцэрлэг зэргээс Шанхайн байгалийн түүхийн музейн шинэ барилга бүрдэж байгаа юм. Ингэснээр тус хотын музей өнгөрсөн зууны өнгө төрхөө орхиж, шинэ зууны гэх тодотголтой музейнүүдийн жагсаалтад бичигдэх болсон байна. Шанхайн музей шинэ барилгын утга агуулгад ч ихээхэн ач холбогдол өгснийг мэргэжилтнүүд онцолж байна. Музейн барилгын төвд орших шилэн ханыг ургамал, амьтны эсийн бүтэцтэй адилаар загварчилсан. Музейн барилгын гаднах зүүн ханыг дэлхийн ургамлын аймгийг төлөөлүүлэн өвслөг ургамлаар бүрсэн бол хойд талын чулуун хана нь дэлхийн гадаргуугийн тектоник хавтан, мөн гол мөрөнд элэгдсэн гүн хавцлын бэлгэдэл болж байгаа юм.
Шанхайн байгалийн түүхийн музейн шинэ барилгын бас нэг онцлог нь цаг уурын үзэгдлүүдийг давуу байдлаар ашигладаг технологийн шийдэл. Барилгын ухаалаг хавтангийн тусламжтай музейн барилгад дээд зэргээр гэрэл нэвтэрдэг ч доторх температур сэрүүн тухтай хэвээр үлддэг. Үүний зэрэгцээ барилгын гадаах усан сангийн ус ууршиж, барилгын температурыг сэрүүн байлгахад тусладаг байна. Эдгээр дэвшилтэт технологийг музейн үзмэрүүдийн хамтаар олон нийтэд танилцуулж байгаа юм.
Шанхай хотын байгалийн түүхийн музей шинэ барилгад нүүжээ | ||
Үзсэн: 1777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.