
Ливийн эв нэгдлийн засгийн газрын цэргүүд Мисрата хотын өмнөд хэсэг дэх шалган нэвтрүүлэх цэгийг "Исламын улс" бүлэглэлээс чөлөөлжээ. Ингэснээр "Исламын улс" алан хядагч бүлэглэл энэ сарын эхээр өөрийн хяналтад оруулсан газар нутгаас Ливийн цэргүүд чөлөөлж эхэллээ гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Энэ даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд зэвсгийн худалдааны хоригийг цуцалж, Ливийн эв нэгдлийн засгийн газарт зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Вена хотноо болсон уулзалтын дараа энэ тухай албан ёсны хамтарсан мэдэгдэл гарсан бөгөөд Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орон ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи болон уулзалтад оролцсон бусад 15 орон тус хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Ливи улсын эв нэгдлийн засгийн газар НҮБ-ын Ливийн хориг арга хэмжээний хороонд зэвсгийн хоригийг цуцлах хүсэлт хүргүүлээд байгаа юм.
Энэ хүсэлтийг дэлхийн их гүрнүүд бүрэн дэмжиж байгаа гэдгээ сая гаргасан хамтарсан мэдэгдэлд илэрхийлсэн байна. Хэрэв их гүрнүүдийн санал ёсоор Ливи улсад олон улсын зүгээс зэр зэвсгийн тусламж үзүүлж эхэлбэл "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн эсрэг тэмцэл илүү амжилттай болох боломжтой гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна.
Ливи улс дахь "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн гол түшиц газар болох Сирт хот сая Ливийн цэргүүд хяналтандаа оруулсан шалган нэвтрүүлэх цэгээс 140 км зайд оршдог. Өнгөрсөн оноос хойш "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байгаа Сирт хотыг чөлөөлөх давшилт эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ Сирийн эв нэгдлийн засгийн газар мэдэгдлээ.
Ливийн цэргүүд Мисрата хотын чиглэлд давшиж байна | ||
Үзсэн: 18450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.