
Өчигдөр 14.6 каратын цэнхэр өнгө бүхий ховор алмаз Швейцарийн Женев хотноо болсон дуудлага худалдаагаар дэлхийн хамгийн үнэтэй алмазны дээд амжилтыг шинэчлэн тогтоосон мэдээ байна. Цэнхэр алмаз байгальд хамгийн ховор тохиолддог бөгөөд алмаз цуглуулагчдын дунд асар их эрэлттэй байдаг. Мөн байгаль дээр олдож байгаа цэнхэр алмазны 90 хувь нь 1 каратаас доош хэмжээтэй байдаг гэх тооцоо бий.
Ийм учраас 14.6 каратын “Цэнхэр Оппенгеймер” гэх очир алмаз татвар орсон нийлбэр дүнгээр 58.2 сая доллараар зарагдаж, дээд амжилт тогтоожээ. Одоогоор алмазыг хэн гэдэг эрхэм худалдан авсан нь хараахан тодорхойгүй байна. Энэ оны эхээр Женевийн дуудлага худалдаагаар зарагдсан 12.03 каратын “Блю Мүүн” буюу “Хөх сар” алмаз өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан.
Хонгконгийн тэрбумтан Жозеф Лау 7 настай охиндоо өгсөн энэ бэлгээ “Жозефины Хөх Сар” хэмээн өөрчлөн нэрлэсэн юм. Женевийн дуудлага худалдаагаар үүний өмнөх өдөр тунгалаг ягаан очир алмаз мөн өндөр үнэ хүрч, 28 сая америк доллараар худалдаалагдлаа. 15.38 каратын “Юник Пинк” гэх энэ алмазыг Өмнөд Африкийн Кимберли хотын ойролцоогоос олборлосон байна.
Тунгалаг байдал, тэгш хэмт бүтэц зэргээрээ энэ алмаз шинжээчдийн зүгээс харамгүй магтаал хүртэж байсан юм. Иймээс мягмар гарагт болсон дуудлага худалдааны анхаарлын төвд яах аргагүй “Юник Пинк” ягаан алмаз байжээ. Сотбис олон улсын дуудлага худалдааны компанийн мэдээлснээр энэхүү ягаан алмаз татвар орсон нийлбэр дүнгээр 31 сая 560 мянган долларын үнээр зарагдсан байна. Дуудлага худалдааны өмнө шинжээчид энэхүү очир алмазыг 28-39 сая америк долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байсан.
Харамсалтай нь дуудлага худалдааны ялагч болох нэрээ нууцалсан эрхэм энэ таамгийн доод босгод л хүрсэн үнээр “Юник Пинк” алмазыг худалдан авлаа. Сонирхуулахад, 5 жилийн өмнөх дуудлага худалдаагаар 24.78 каратын “Графф Пинк” нэртэй алмаз 46.2 сая доллараар зарагдаж, хамгийн их үнэ хүрсэн ягаан алмазаар тодорсон юм.
Ягаан очир алмаз 28 сая ам.доллараар зарагджээ | ||
Үзсэн: 1160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.