
Өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо Умард Атлантын гэрээний байгууллага НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ. Уулзалтын эхний өдөр Чернагор улсад НАТО-гийн гишүүнчлэлд нэгдэх урилгыг албан ёсоор гардууллаа.
ОХУ-ын хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан НАТО-гийн гишүүн орон бүрийн парламент дээрх асуудлыг дэмжсэн нөхцөлд Чернагор НАТО-гийн 29 дэх гишүүн орон болох юм. Үүнээс гадна Европ тивд бусад бүс нутгаас тулгарч байгаа аюул заналыг НАТО-гийн эвсэл хэрхэн оновчтой байдлаар шийдвэрлэх тухай асуудал Брюссель дэх уулзалтын нэг гол сэдэвт тооцогдож байна.
Мөн Йордан улсад эдүгээ явагдаж байгаа Иракийн цэргийн оффицеруудыг чадавхижуулах НАТО-гийн сургалтын хөтөлбөрийг Иракийн нутаг дэвсгэрт өргөжүүлэх Иракийн ерөнхий сайд Хайдер аль-Абадигийн саналыг мөн хэлэлцэж байгаа юм.
Тус уулзалтаар Ирак, Сирийн нутаг дэвсгэрт Исламын улс алан хядагч бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцож байгаа АНУ-ын тэргүүлсэн олон улсын цэргийн эвслийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх асуудлыг хөндөн хэлэлцэж байна. Энэ хүрээнд алсын зайн радиолокацийн илрүүлэлтийн "АВАКС" системийн нисэх онгоцуудыг агаарын цэргийн ажиллагаанд оролцуулах эсэх тухай НАТО-гийн гадаад хэргийн сайд нар зөвлөлдөнө.
Мөн Газар дундын тэнгис дэх цагаач дүрвэгсдийн хууль бус тээвэртэй тэмцэхийн тулд Европын холбоо-НАТО хамтран ажиллах тухай асуудал өчигдөр эхэлсэн уулзалтад анхаарал татсан сэдэв болж байна.
Чернагор НАТО-д элсэхэд нэг алхам ойртлоо | ||
Үзсэн: 2067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.