
Өмнөд Хятадын тэнгист Хятадын байлдааны 2 нисэх онгоц АНУ-ын цэргийн нисэх онгоцны хажуугаар онц аюултай зайд нисэн өнгөрсөн тухай Пентагон мэдээлсэн. Тэгвэл Хятадын гадаад хэргийн яам дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариу мэдэгдэл хийжээ.
Тус яам АНУ-ыг Хятадын хилийн ойролцоо цэргийн нисэх онгоцоо тогтмол илгээж, Хятад улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж эрс шүүмжилсэн байна. Хэд хэдэн орон газар нутгийн маргаантай байдаг Өмнөд Хятадын тэнгис сүүлийн саруудад АНУ, Хятад хоёр орны харилцаан дахь хурцадмал сэдвийн нэг болоод байна.
БНХАУ тус бүс нутагт хиймэл арлын бүтээн босголтоо эрчимжүүлж байгаа бол АНУ үүний хариуд навигацийн эрхээ хамгаалах зорилгоор цэргийн хөлөг онгоц, нисэх онгоцоороо тогтмол эргүүл хийлгэж байгаа юм. Өнөөдрөөс 3 хоногийн өмнө буюу энэ сарын 17-ны өдөр АНУ-ын тагнуулын нисэх онгоц Өмнөд Хятадын тэнгисийн олон улсын дэглэмтэй бүс нутагт ээлжит эргүүлээ гүйцэтгэж явсан ажээ.
Яг энэ үеэр Хятадын байлдааны нисэх онгоцууд аюултай зайд нисэн өнгөрчээ. Америкийн нисгэгч мөргөлдөх аюулаас зайлсхийхийн тулд нисч байсан өндрөө 60 метрээр буулгахаас аргагүйд хүрсэн талаар Америкийн батлан хамгаалахын эх сурвалжаас иш татан, Ассошиэйтед Пресс уламжилж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 21-нээс 28-ны өдрүүдэд Азийн орнуудад айлчлал хийж, “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна. Айлчлалын эхлэх хугацаа дөхөж байгаа цаг үед дээрх явдал тохиосныг шинжээчид онцолж байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам Пентагоны мэдэгдлийг эрс үгүйсгэлээ | ||
Үзсэн: 2074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.