Шууд Chart

Онц байдлын дэглэмийг дахин нэг удаа сунгана

2016-05-21 12:59:51

Парисын халдлагын дараа Франц улсад тогтоосон онц байдлыг дахин нэг удаа сунгах эсэх тухай асуудлаар тус улсын доод парламентад санал хураалаа. Санал хураалтын өмнө Францын дотоод хэргийн сайд Бернар Казнев тус улсад дахин террорист халдлага гарах эрсдэл өндөр байгааг хууль тогтоогчдод сануулсан байна.

Түүний энэ бодолтой Францын доод танхимын гишүүд санал нэг байгаагаа харуулж, үнэмлэхүй олонхын саналаар онц байдлыг 2 сар гаруйн хугацаатай сунгах шийдвэрийг баталжээ. Санал хураалтад оролцсон хууль тогтоогчдын 46 нь онц байдлыг сунгахыг дэмжиж, 20 нь эсрэг санал өгсөн байна.

Франц улсад энэ зун Евро 2016 хөлбөмбөгийн тэмцээн, мөн “Тур де Франс” зэрэг зохион байгуулагдаж, олон улсын нэр хүндтэй тамирчид, спорт сонирхогчид тус улсад хуран цугларна. Эдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангах асуудалд Францын эрх баригчид ихээхэн анхаарал хандуулж байгааг өчигдрийн санал хураалт гэрчиллээ. Өнгөрсөн 7 хоногт Франц улсын парламентын дээд танхим онц байдлыг сунгах асуудлыг аль хэдийн дэмжсэн юм.

Ингэснээр тус улсад долоодугаар сарын 26-ныг хүртэл онц байдлын дэглэм хэвээр үлдэхээр болж байна. УЕФА-гийн хөлбөмбөгийн тэмцээн зургаадугаар сарын 10-нд эхэлж, нэг сарын турш үргэлжлэх бол “Тур де Франс” унадаг дугуйн уралдаан долоодугаар сарын 2-ноос 24-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Онц байдлын дэглэмийг дахин нэг удаа сунгана  
Үзсэн: 1745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй