
Пиццаны эх орон Итали улсын тогооч нар дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ. Нийтдээ 100 гаруй тогооч Италийн баруун өмнөд хэсэгт оршдог Неаполь хотноо цугларч, түүхэн дэх хамгийн урт пиццаны амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Энэ амжилт хялбархан олдоогүй гэдгийг оролцогчид төдийгүй ажиглагчид хэлж байгаа юм. 1 км 853 метр урттай пиццаг хийхэд 400 гаруй тогоочийн 11 цагийн хөлс хөдөлмөр орсон байна.
Улаан лооль, бяслагтай маргарита гэх энэ пиццаг хийхийн тулд нийтдээ 2 тонн моцарелла бяслаг, 2 тонн гурил, 1,5 тонн улаан лоолийн сүмс шаардагджээ. Үүнээс гадна 1500 литр ус, 201 литр ургамлын тос, 30 килограм лаврын навч пиццаны орцод багтсан байна. “Дэлхийн хамгийн урт” гэх цолны шинэ эзэн болсон энэ пиццаг болгохын тулд тусгайлан бэлтгэсэн дугуйтай зуух ашиглажээ.
Хамгийн урт пиццаны өмнөх дээд амжилтыг өнгөрсөн онд Миланы үзэсгэлэн яармагийн үеэр хийгдсэн 1 км 595 метр урттай пицца эзэмшиж байсан юм. Италид 100 мянга орчим хүн пиццаны тогоочоор ажилладаг гэх тооцоо бий.
Үүнээс гадна пиццаны тогооч тусгайлан бэлтгэдэг өндөр зэрэглэлийн академи ч ажилладаг. Бас нэгэн сонирхолтой баримт дуулгахад худалдан авах боломжтой хамгийн том пиццаг Лос Анжелес хотын пиццаны ресторан хийдэг байна. 200 долларын үнэтэй энэ пицца нь хааш хаашаа 1 метр 37 см хэмжээтэй бөгөөд 50-100 хүн идэхэд хангалттай хүрэлцэхээр гэнэ.
Дэлхийн хамгийн урт пиццаны дээд амжилтыг шинэчлэлээ | ||
Үзсэн: 2432 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.