Шууд Chart

“Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хамгаалалтад 23 мянган цагдаа ажиллана

2016-05-21 13:15:40

Япон улсад зохион байгуулагдах “Их-7”-гийн бүлгийн 42 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Их 7 гүрний удирдагчид ирэх пүрэв гарагт Японы Миэ мужийн Шима хотод хүрэлцэн очиж, 2 өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Тус уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор 23 мянга орчим цагдаагийн албан хаагчийг дайчилна гэдгээ Японы үндэсний цагдаагийн газар мэдээлсэн байна.

Цагдаа нар “Их-7”-гийн удирдагчдын хүрэлцэн очих "Чубу" Олон улсын нисэх буудал болон түүний ойролцоох нутаг дэвсгэр, мөн дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулах өргөн чөлөөнд ажиллана. Үүнээс гадна энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын бас нэг анхаарал татсан үйл явдал АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Хирошима хотод хийх айлчлал байх юм.

Дэлхийн II дайны төгсгөлд АНУ-ын хаясан атомын бөмбөгөнд сүйдсэн түүхтэй Хирошима хотод Обама дэлхийг цөмийн зэвсэггүй болгох уриалгыг дэвшүүлнэ гэж Цагаан ордон мэдэгдсэн. Тэгвэл Хирошима дахь энэ айлчлалын аюулгүй байдлыг хангахад 4,700 цагдаа дайчлагдан, ажиллах юм байна. “Их-7”-гийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр урьд өмнө нь ийм олон тооны цагдаа аюулгүй байдлыг хангахад дайчлагдаж байсан удаагүй.

Харин Франц, Бельги зэрэг улсад цуврал халдлага гарсан, олон улсад алан хядах ажиллагаа зохион байгуулагдах аюул өндөр байгааг харгалзан Япон улс аюулгүй байдлын асуудалд чухал ач холбогдол өгч байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

“Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хамгаалалтад 23 мянган цагдаа ажиллана  
Үзсэн: 3081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй