
Өдөр бүр дэлхийд дунджаар 4 эмнэлэг, сургуулийн байр халдлага дайралтад өртөж байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн нийтэлсэн шинэ тайланд мэдээлжээ. Энэ дүн мэдээ нь олон бүс нутагт зэвсэгт хүлэглэл, засгийн газрын цэргүүд аль алиных нь үйл ажиллагаанд гэм зэмгүй хүүхдүүд хохирч байгаагийн сэтгэл эмзэглүүлэм нотолгоо гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэд тэргүүн Жастин Форсайт онцолжээ.
Тэрээр Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа тайлангийн дүн мэдээний тухай дэлгэрэнгүй танилцуулсан байна. Тайланд өгүүлснээр зөвхөн 2014 онд л гэхэд, Афганистанд 163 сургууль, 38 эмнэлэг халдлагын бай болжээ. Мөн иргэний дайнд нэрвэгдээд 5 жилийн нүүр үзэж байгаа Сирид 60 сургууль, 28 эмнэлэг, Йеменд 92 сургууль, Палестинд боловсролын үйл ажиллагаа эрхэлдэг 543 барилгад эвдрэл хохирол учирсан тооцоо гарчээ.
Үүний зэрэгцээ Нигери улсын хойд хэсэгт 300 гаруй сургууль сүйдэж, 190 орчим багш, сурган хүмүүжүүлэгч амь үрэгдсэн гэдгийг энэ тайланд онцолсон байгаа юм. Тайлан дахь мэдээллээс үзэхэд дэлхийн олон бүс нутагт өрнөж байгаа хямрал мөргөлдөөн хүүхэд залуучуудад боловсрол олгох ажилд ихээхэн саад бэрхшээл учруулж байна.
Олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудлаар нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай байгааг ЮНИСЕФ-ын дэд тэргүүн санууллаа. Ирэх даваа гарагт Туркийн Истанбул хотноо Дэлхийн хүмүүнлэгийн асуудлаарх чуулга уулзалт эхлэх гэж байгаатай холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сан дээрх тайланг нийтэлжээ.
Өдөр бүр дөрвөн эмнэлэг, сургуулийн байр халдлагад өртөж байна | ||
Үзсэн: 2173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.