
Хятад улсад дэлхийн хамгийн өндөр гүүрний жагсаалтад зүй ёсоор бичигдэх шинэ дүүжин гүүрний барилгын ажил дууссан байна. 440 метрийн өндөрт оршдог энэ гүүр нийт 800 метр орчим урттай гэдгээрээ дэлхийн хамгийн урт дүүжин гүүрний нэгт мөн тооцогдож байгаа юм.
Өнгөрсөн баасан гарагт Хятадын баруун өмнөд Гуйжоу мужид гүүрний 2 дүүжинд бэхлэгдсэн хэсгийг холбох ажил дуусчээ. Ингэснээр Ячи мөрний дээгүүр Бижиэ болон Гуйян гэх хоёр хотыг холбосон тус гүүр ашиглалтад ороход нэг алхам ойртлоо.
Энэ гүүрийг хоёр хотын хооронд хурдны замын зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа юм. Та бүхэнд шинэхэн гүүртэй холбогдсон сонирхолтой баримтуудаас дуулгахад, гүүрийг бүтээхэд тус бүр 40 тоннын жинтэй 192 кабель утас, 800 мянган боолт, 62 мянган тонн цемент ашиглагдсан байна. Мөрний уснаас гүүр хүртэлх эгц өндөр нь 380 метр байгаа нь Эйфелийн цамхгаас 80 метрээр өндөр гэсэн гэсэн үг.
Ячи мөрний хөндий бартаа саад ихтэй учраас гүүрний томоохон бүрдэл хэсгүүдийг өргөгч кранаар зөөвөрлөсөн байна. Дүүжин гүүр барихад дээрх аргыг хэрэглэсэн анхны тохиолдол энэ болохыг барилгын инженерүүд онцоллоо. Хятадын эдийн засгийн өсөлтийг даган дэд бүтцийн салбар нь хурдацтайгаар хөгжиж байгааг Ячи мөрний гүүр харууллаа гэж шинжээчид дүгнэж буй юм.
Ячи мөрний дүүжин гүүрийг холбох ажил дуусчээ | ||
Үзсэн: 1842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.