Шууд Chart

Осолдсон онгоцны хар хайрцгийг хайхад шумбагч онгоц ашиглаж байна

2016-05-23 15:29:32

Иргэний агаарын тээврийн “Египет Эйр” компанийн нисэх онгоцны талаар ирж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээс хүргэе. Египетийн зэвсэгт хүчин Эйрбус А320 онгоцны хар хайрцгийг эрж хайх ажилд шумбагч онгоц оролцуулж эхэлсэн байна. Нисэх онгоцны их бие, хар хайрцаг тэнгисийн 2500-3000 метр гүн хэсэгт байгаа гэж тооцож байгаа. Иймээс тэнгисийн 3000 метр хүртэлх гүнд шумбах хүчин чадалтай роботжуулсан шумбагч онгоцыг эрлийн ажиллагаанд оролцуулахаар болжээ.

Нисэх онгоц сүйрсэн, тус онгоцонд явсан бүх хүн амь үрэгдсэн гэдэг нь тодорхой болсон. Египет Эйр компанийн лого бүхий нисэх онгоцны үлдэгдэл, аврах хантааз, зорчигчдын цогцос, тээш зэргийг Газар дундын тэнгист явуулсан эрлийн ажиллагаагаар илрүүлээд байгаа юм. Гэхдээ нисэх онгоцны хоёр хар хайрцаг хараахан олдоогүй учраас сүйрлийн шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн пүрэв гарагт Египетийн иргэний агаарын тээврийн сайд А320 онгоцны сүйрэл техникийн эвдрэл гэмтлээс илүү алан хядагчдын үйл ажиллагаанаас үүдэлтэй сүйрсэн байх магадлал өндөр гэж мэдэгдсэн.

Гэхдээ Египетийн ерөнхийлөгч онгоцны сүйрэл ямар ч шалтгаантай байж болохыг сануулаад, нотолгоогүй таамаг дэвшүүлэхгүй байхыг өчигдөр уриаллаа. Нисэх онгоц радараас холбоо тасрахын өмнө утааны дохиолол идэвхжсэн тухай мэдээ мөн ирж байна. Энэ нь онгоц осолдохоос өмнө хөлгийн дотор гал гарсан гэдгийг дохиолж байгаа талаар шинжээчид хэлж байна. Та бүхэнд сануулахад Эйрбус А320 онгоц 2 удаа огцом эргэж, 7600 гаруй метрээс өндрөө алдах явцдаа радараас холбоо тасарсан юм.

Нисэх онгоц Гринвичийн цагаар 23 цаг 9 минутад Парис хотоос хөөрч, шөнийн 00 цаг 30 минутад радараас гарсан юм. Онгоцонд 56 зорчигч, хөлгийн багийн 10 гишүүн нийт 66 хүн явсан. Энэ дунд Египетийн 32, Францын 15 иргэн, мөн Их Британи, Ирак, Канад, Бельги, Кувейт, Саудын Араб, Алжир, Судан, Чад зэрэг орны тус бүр 1-2 иргэн явсан болохыг "Би-Би-Си" агентлаг мэдээлж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Осолдсон онгоцны хар хайрцгийг хайхад шумбагч онгоц ашиглаж байна  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй