
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнам улсад хүрэлцэн очсоноор Ази тивийн орнуудаарх албан ёсны айлчлалаа эхэллээ. Түүний Вьетнам дахь айлчлал 3 өдөр үргэлжлэх бөгөөд хоёр орны эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал айлчлалын анхаарал татсан гол сэдэв байх юм. Вьетнамын дайнаас хойш хүйтэрсэн хоёр орны харилцаа сүүлийн үед сайжрах хандлагатай байгааг ажиглагчид онцолж байна.
Хоёр орон 1995 онд дипломат харилцаагаа сэргээснээс хойш АНУ-ын хоёр л Ерөнхийлөгч Вьетнамд айлчилж байсан түүхтэй. Иймээс Ерөнхийлөгч Барак Обамагийн энэ удаагийн айлчлал олон улсын ажиглагчдын төдийгүй бүс нутгийн орнуудын анхаарлыг эрхгүй татаж байгаа юм. Мөн энэ удаагийн айлчлалын үргэлжлэх хугацаа харьцангуй урт байгаа нь АНУ Вьетнамтай харилцаагаа сайжруулахад их ач холбогдол өгч байгааг харууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийг батлуулах асуудлыг хөндөнө.
Мөн коммунист Вьетнам дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах талаар тус улсын эрх баригчдад шахалт үзүүлж, хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүдтэй уулзах юм байна. Айлчлалын бас нэг анхаарал татаж байгаа сэдэв нь АНУ-ын зүгээс Вьетнамын эсрэг тогтоосон зэвсгийн худалдааны хориг арга хэмжээг цуцлах тухай асуудал.
Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх бүс нутгийг Хятад улс өөрийн харьяа гэж маргаж байгаатай холбогдуулан АНУ Хятадын хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болсон юм. Энэ бодлогын бас нэг илрэл болгон Вьетнамын эсрэг зэр зэвсгийн худалдааны хоригийг бүрэн цуцалсан нөхцөлд Хятадын тал дуугүй өнгөрөхгүй гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнам улсад айлчилж байна | ||
Үзсэн: 2088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.