
Францын үйлдвэрчний эвлэлүүдийн жагсаал шатахуун тээвэрлэх гол замуудыг хааснаас үүдэн тус улсын шатахуун түгээх газрууд нөөцийн хомсдолд орж эхэллээ. "Би-Би-Си" агентлагийн мэдээлснээр Франц улсад 12 мянга гаруй шатахуун түгээгүүр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 820 орчим нь түлшний нөөцөө бүрэн шавхсан бол 800 орчим шатахуун түгээх газар ердөө нэг төрлийн түлшний нөөцтэйгөөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Франц улсын Засгийн газар ажилчдыг хөлслөх, халах үйл явцыг хялбаршуулж, ажилчдын 7 хоногт ажиллах цагийг нэмэгдүүлэх боломж олгосон Хөдөлмөрийн шинэ хуулийг парламентаар хэлэлцүүлэлгүй онц эрхийнхээ хүрээнд баталсан юм. Энэ хуулийг эсэргүүцсэн жагсагчид өнгөрсөн мягмар гарагаас эхлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Францын газрын тос боловсруулах 8 үйлдвэрийн бараг тэн хагасаас шатахуун тээвэрлэдэг гол замуудыг хаасан байна.
Гэхдээ Франц улсад шатахуун түгээх газруудыг хомсдолоос гаргахад хангалттай хүрэлцэх шатахууны нөөц байгаа гэдгийг тус улсын Ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгдлээ. Мөн тэрээр зарим замыг тун удахгүй чөлөөлж, шатахууны тээврийг үргэлжлүүлнэ гэдгийг хэлж байна. Францын Хөдөлмөрийн шинэ хууль тус улсын ард иргэд болон парламентын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Гэхдээ Францын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, ажил эрхлэлт, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд энэ хуулийг батлах зайлшгүй шаардлагатай гэж тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд үзэж байна.
Францын шатахуун түгээх газрууд түлшний хомсдолд оржээ | ||
Үзсэн: 1190 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.