Шууд Chart

БНАСАУ батлан хамгаалах салбарын яриа хэлэлцээ хийх санал гаргажээ

2016-05-23 16:47:28

БНАСАУ Өмнөд Солонгостой цэрэг, батлан хамгаалах салбарын хоёр талт яриа хэлэлцээ зохион байгуулах санал тавьсан байна. Умард Солонгосын төрийн мэдлийн төв телевиз өнгөрсөн бямба гарагт мэдээлснээр тус улсын Ардын зэвсэгт хүчний яам Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яаманд ажлын түвшний яриа хэлэлцээ зохион байгуулах санал хүргүүлжээ.

Умардын зүгээс дээрх яриа хэлэлцээг энэ сарын сүүл, эсвэл ирэх сарын эхээр товлох саналыг Өмнөд Солонгосын талд тавьсан байна. Тус уулзалтын гол зорилго нь Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдлыг намжаах, хоёр Солонгосын хооронд дахин дайн дэгдэхээс сэргийлэхэд оршино гэж Умард Солонгос тайлбарлаж байна. Хоёр Солонгосын хооронд яриа хэлэлцээ зохион байгуулах тухай сэдэв энэ сарын эхээр болсон Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын долдугаар их хурлын үеэр хөндөгдсөн юм.

Гэхдээ Өмнөд Солонгос Умардын дээрх саналыг ойрын хугацаанд хүлээн авахгүй болов уу гэж ажиглагчид үзэж байна. Энэ таамгийг бататган, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам хоёр талт яриа хэлэлцээг дахин эхлүүлэхээс өмнө Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох асуудлаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэх байр суурин дээрээ хатуу зогсоно гэдгээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНАСАУ батлан хамгаалах салбарын яриа хэлэлцээ хийх санал гаргажээ  
Үзсэн: 1438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй