Шууд Chart

Цуврал халдлагын улмаас 148 хүн амь үрэгдлээ

2016-05-24 10:40:53

Сирийн эргийн бүс нутагт оршдог Жабла, Тартус  хотод цуврал халдлага гарч, 148 хүн амь үрэгдэн, 200 гаруй хүн гэмтэж, шархаджээ. Сирийн Засгийн газрын мэдэлд байгаа энэ бүс нутагт Оросын цэргийн баазууд оршдог болохыг олон улсын хэвлэлүүд онцолж байна. "Исламын улс" алан хядагч бүлэглэл эдгээр халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн бөгөөд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын харьяалагддаг Алавитын үндэстний цөөнхийг бай болгосон гэдгээ мэдэгдлээ.

Их Британид төвтэй Сири дэх хүний эрхийн ажиглагч байгууллагын мэдээлснээр цуврал халдлагад 5 амиа золиослогч этгээд оролцсоноос гадна тэсрэх бөмбөг суурилуулсан 2 автомашин ашиглагдсан байна. Тартус хотод ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз оршдог бол Латакиа мужийн Жабла хотод тус улсын агаарын цэргийн бааз байрладаг юм. Кремлийн зүгээс алан хядагчидтай тэмцэхийн тулд Сирид Засгийн газар, босогчдын хооронд гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, энхийн хэлэлцээг нэн даруй үргэлжлүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн Засгийн газартай хамтран террорист бүлэглэлүүдийн эсрэг тэмцэхэд бэлэн гэдгээ дахин нэг удаа илэрхийлжээ. Сирийн Гадаад хэргийн яам нутаг дэвсгэрт нь гарсан террорист халдлагуудад Саудын Араб, Турк, Катарын зүгээс Сирийн босогчдод дэмжлэг үзүүлж байгааг буруутгасан захидал НҮБ-д хүргүүлсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун алан хядах үйл ажиллагааг зэмлэн буруушааж байгаагаа хариу мэдэгдлээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Цуврал халдлагын улмаас 148 хүн амь үрэгдлээ  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй