Шууд Chart

Ерөнхийлөгчийн сонгуульд Александр Ван Дер Беллен ялалт байгууллаа

2016-05-24 11:07:45

Австри улсад өнгөрсөн ням гарагт зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дүн гарсан байна. Хоёр нэр дэвшигчийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөсний эцэст эхний шатны санал хураалтад ялалт байгуулсан хэт барууны үзэлт нэр дэвшигч Норберт Хофер тун бага саналын зөрүүгээр ялагдал хүлээж, Александр Ван дер Беллен Австрийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Эдүгээ 72 настай  Ван дер Беллен нь Европын холбоог дэмжигч үзэлтэй нэгэн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн юм. Тэрээр Норберт Хоферийг 4 сая 640 мянган хүн оролцсон санал хураалтад ердөө 31 мянган саналын зөрүүгээр тэргүүлжээ. Ингэснээр Европын холбоонд хэт барууны үзэлтэй анхны Ерөнхийлөгч сонгогдох боломжийг хаасан ч, Австри улсын ард иргэдийн үзэл бодол эрс хагаралдсан байгааг харууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Ван дер Беллен Австрийн ард иргэдийн үзэл санааны нэгдмэл байдлыг сэргээхэд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Түүний хүчтэй өрсөлдөгч Норберт Хофер Эрх чөлөөний намаас нэр дэвшиж, Европын холбоо болон цагаач дүрвэгчдийн эсрэг бодлого баримтлах мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн юм.  Норберт Хофер өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтад 35.1 хувиар ялалт байгуулсан ч, 2-р шатанд 49.7 хувийн саналаар ялагдал хүлээжээ. Харин Австрийн Ногоон намыг 10 жил тэргүүлсэн туршлагатай, нэрт улс төрч Ван дер Беллен 50.3 хувийн санал авч, Австрийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ерөнхийлөгчийн сонгуульд Александр Ван Дер Беллен ялалт байгууллаа  
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй