
Өчигдөр Туркийн Истанбул хотноо Дэлхийн хүмүүнлэгийн асуудлаарх хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Уулзалтын эхний өдөр НҮБ-ын Хүүхдийн сан хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн бүс нутаг дахь суурь боловсролын салбарт хөрөнгө оруулах шинэ сан байгуулж байгаагаа албан ёсоор зарлалаа. Улс төрийн хямрал, байгалийн гамшиг үзэгдэл, халдварт өвчний тархалтад нэрвэгдсэн улс орнуудын 13.6 сая хүүхдэд чанартай суурь боловсрол олгох нь энэ сангийн үндсэн зорилго юм байна. НҮБ-ын Хүүхдийн сан ирэх 5 жилд багтан тус санд 3 тэрбум 850 сая америк долларын санхүүжилт босгохоор төлөвлөж байгаа юм.
ЮНИСЕФ-ийн судалгаагаар дэлхий дээрх сургуулийн насны 4 хүүхэд тутмын нэг буюу нийтдээ хагас тэрбум хүүхэд хямрал мөргөлдөөн бүхий бүс нутагт амьдарч байна. Эдгээрээс 75 сая орчим хүүхэд боловсрол эзэмших боломжгүй, эсвэл чанаргүй боловсрол эзэмшиж, сургууль завсардах өндөр эрсдэлд амьдарч байгаа юм. Иймээс өчигдөр дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан тусгай хуралдаанаар хүмүүнлэгийн хямрал боловсролын тогтолцоонд хэрхэн хор хохирол учруулж байгаа талаар хэлэлцсэн байна.
Улс орны хөгжил цэцэглэлт, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол үндэс болсон ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд хүмүүнлэгийн хямрал том саад тотгор учруулж байгааг хуралд оролцогчид онцлон тэмдэглэлээ.
Суурь боловсролын хүртээмжийг сайжруулах сан байгуулав | ||
Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.