Шууд Chart

Хөрсний гулгалтын улмаас амь үрэгдсэн хүний тоо 92-т хүрэв

2016-05-24 11:43:56

Шри Ланкад үер болон хөрсний гулгалтын улмаас 92 хүн амиа алдсан болохыг холбогдох албаныхан баталгаажуулсан байна. Үүнээс гадна ор сураггүй байгаа 130 гаруй хүнийг хөрсний нуранги дороос эрж хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагт ширүүн аадар борооны улмаас Шри Ланкийн Кегалле дүүргийн гурван тосгон хөрсний нурангид дарагдсан юм.

Үүний зэрэгцээ хэд хэдэн бүс нутаг үерт нэрвэгдэж, жижиг хэмжээний хөрсний гулгалтууд үүссэн нь олон арван хүн амиа алдах гол шалтгаан болжээ. Кегалле дүүргийн тосгодод 57 хүн амь үрэгдсэн нь бусад бүс нутагтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Мөн 500 мянга гаруй хүний орон гэр үерийн гамшигт нэрвэгдсэн, 250 мянга гаруй хүн түр орогнох байранд байрлаж байгаа гэх мэдээллийг Шри Ланкийн гамшигтай тэмцэх үндэсний төв өглөө. Өнгөрсөн 7 хоногийн турш үргэлжлэн орсон ширүүн аадар бороо эрлийн ажиллагаанд хүндрэл учруулж байсан.

Харин өчигдөр хэд хэдэн бүс нутагт бороо зогссоноор эрлийн ажиллагааг эрчимжүүлэх нөхцөл боломж бүрдсэн байна. Гамшигт нэрвэгдсэн бүсийн оршин суугчдад Шри Ланкийн дотоодоос төдийгүй гадны олон улс орноос хандив тусламж илгээж байна. Энэ хооронд Шри Ланкийн эрх баригчид үерийн бүс нутагт халдварт өвчин дэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хөрсний гулгалтын улмаас амь үрэгдсэн хүний тоо 92-т хүрэв   
Үзсэн: 1287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй