
Нарны эрчим хүчээр ажилладаг “Солар Импульс” нисэх онгоцтой холбогдсон шинэ мэдээ ирсэн байна. Швейцарит үйлдвэрлэсэн тус нисэх онгоц АНУ-ын Оклахома муж улсын Тулса хотын нисэх буудлаас хөөрч, Охайо мужийн Дейтон хотноо хүрч очжээ. “Солар Импульс”-ийг жолоодож яваа Швейцарийн хоёр нисгэгч энэ зайг нийт 17 цагийн хугацаанд туулсан байна.
Нарны эрчим хүчээр ажилладаг “Солар Импульс” нисэх онгоцоор хийж байгаа дэлхийн тойрон аялал өнгөрсөн оны 3-р сард Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотоос эхэлж, Оман, Мьянмар, Хятад, Япон зэрэг орноор буухиалан үргэлжилсэн юм. Үүний дараа “Солар Импульс” АНУ-ын муж улсуудаар аялж, өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Дейтон хотноо хүрэлцэн ирсэн байна. Энэ хот бол дэлхийн түлшээр ажилладаг анхны нисдэг тэрэг болох Китти-Хоукийг зохион бүтээж, амжилттай туршсан гэдгээрээ түүхэнд нэрээ мөнхөлсөн Уйлбур болон Орвилл Райт нарын амьдарч байсан нутаг юм.
“Солар Импульс” одоо Нью-Йорк руу замдаа гарч, цааш аяллаа Европ, Хойд Африкаар үргэлжлүүлэх юм байна. Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх, агаарт ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулж, агаарын тээврийн салбарыг байгальд ээлтэй болгох асуудал сүүлийн жилүүдэд тулгамдаж байна. Харин нарны эрчим хүчээр ажилладаг “Солар Импульс” нисэх онгоц энэ асуудалд гарц санал болгож байгаа бас нэгэн шийдэл юм. Нисэх онгоцыг сэргээгдэх эрчим хүчээр тэжээдэг болсон нөхцөлд иргэний агаарын тээврийн хүртээмж нэмэгдэж, үнэ өртөг буурна.
Тухайлбал, иргэний агаарын тээвэрт түгээмэл ашиглагддаг Боинг 747 нисэх онгоц секунд тутамд 4 литр түлш ашигладаг байна. Энэ маягаар тооцоолбол Боинг 747 онгоцоор Улаанбаатараас Сөүл рүү хийх нислэгт ойролцоогоор 30 мянган литр түлш зарцуулдаг гэсэн үг юм.
“Солар Импульс” нисэх онгоц тойрон аяллаа үргэлжлүүлж байна | ||
Үзсэн: 1071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.