
Өнөөдөр Японы Исэ-Шима бүс нутагт “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтыг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ даргалж байгаа юм. Тэрбээр өнөө өглөө шинто шашны Исэ их сүмд бусад 6 гүрний удирдагчийг хүлээн авсан байна. Үүний дараа “Их-7”-гийн бүлгийн орнуудын төр засгийн тэргүүн нар уулзалтын өргөн чөлөөнд хүрэлцэн очиж, дээд хэмжээний уулзалтаа нээлээ.
Энэ удаагийн уулзалтаар таван салбар хурал зохион байгуулагдах бөгөөд хурал бүрт хэлэлцэх гол сэдвүүдийг тодорхойлсон байгаа юм. Эдгээрийн дотор дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлт, терроризмтой тэмцэх, цагаач дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэх зэрэг асуудал багтаж байна. Эхний хуралдаанаар Япон, АНУ, Франц, Герман, Их Британи, Итали, Канад 7 гүрний удирдагчид дэлхийн эдийн засгийн талаар голлон хэлэлцэх юм. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн Абэномикс гэж нэршсэн бодлогоо олон улсын түвшинд сурталчлах төлөвтэй байна.
Тэрбээр төсвийн зардлыг нэмэгдүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтийг хурдасгаж болно гэж үзэж байгаа ч зарим гүрний удирдагч түүнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Маргааш их 7 гүрний удирдагчид дээр Зүүн Өмнөд Ази, Африкийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар нэгдэн, Ази болон дэлхийн хөгжил цэцэглэлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна. Уулзалтын төгсгөлд “Их-7”-гийн бүлгийн орнуудын удирдагчид уулзалтын үр дүнг нэгтгэн хамтарсан тунхаглал батлах юм.
Японд “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт эхэллээ | ||
Үзсэн: 2479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.