Шууд Chart

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн улсуудад...

2016-06-01 12:14:26

1924 онд Үндэстнүүдийн холбоо “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Женевийн тунхаглалыг баталж, түүний дараа жил буюу 1925 онд болсон Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалтаар зургаадугаар сарын 1-нийг “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тунхаглаж байсан түүхтэй. Харин дэлхийн улс гүрнүүдээс хамгийн анх орчин цагийн Турк улсыг үндэслэн байгуулагч Мустафа Кемал Аттатурк 1920 онд дөрөвдүгээр сарын 23-ныг хүүхдийн өдөр болгон зарласан байдаг байна.

Аттатурк өөрөө хүүхдэд хайртай хүн байсан бөгөөд “Хүүхэд бол маргаашийн шинэ эхлэл” гэх уриаг дэвшүүлжээ. Эдүгээ Турк улс дөрөвдүгээр сарын 23-нд Үндэсний тусгаар тогтнолын өдөр, Хүүхдийн баяр хоёрыг хамтатган тэмдэглэх болсон юм. 1950 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны их хурлаар зургаадугаар сарын 1-нийг хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон албан ёсоор тунхагласан байна. Үүнээс хойш олон орон, тэр дундаа коммунист улсууд жил бүрийн зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярыг тэмдэглэх болжээ. Эдгээр орноос олонх нь өнөөг хүртэл манай орны адилаар зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярыг тэмдэглэсээр байна.

Олон улсад “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөс гадна “Даян дэлхийн хүүхдийн өдөр гэж бий.

1954 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей улс орон бүрт хүүхдүүдийн дунд эв найрамдлыг бэхжүүлэх, итгэлцэл ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тусгай өдөр гаргах уриалга дэвшүүлж, улмаар 11 дүгээр сарын 20-ныг Даян дэлхийн хүүхдийн өдөр болгон тунхаглажээ. 1959 оны 11 дүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 оны мөн өдөр Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан байдаг юм. Эдүгээ дэлхийн цөөнгүй орон үндэсний түүх соёлын онцлогоосоо хамаарч хүүхдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэж байна. Гэхдээ зургаадугаар сарын 1-нд хамгийн олон орон, тэр дундаа манай хоёр хөрш Орос, Хятадын ард иргэд хүүхдийн баяраа тэмдэглэдэг байна. Мөн НҮБ-ын тунхагласан Даян дэлхийн хүүхдийн өдөр буюу 11 дүгээр сарын 20-нд Өрнөд Европ, Арабын хэд хэдэн орон, Филиппин, Өмнөд Африк, Израйль зэрэг улсын хүүхдийн баяр болдог юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн улсуудад...  
Үзсэн: 2589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй