
Японы парламентын доод танхим Шинзо Абэгийн тэргүүлсэн засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалт явууллаа. Шинзо Абэгийн засгийн газар Японы төлөвлөгөөт татварын өсөлтийг дахин хойшлуулсан нь Абэгийн эдийн засгийн бодлого бүтэлгүйтэж, Японы эдийн засагт эрсдэл үүссэний нотолгоо гэж сөрөг хүчний 4 нам үзэж, улмаар засгийн газартаа итгэл хүлээлгэх эсэх тухай санал хураалт явуулахыг уриалсан юм.
Энэ дагуу зохион байгуулагдсан санал хураалтаар Японы парламентын доод танхимын дийлэнх хууль тогтоогч Шинзо Абэгийн засгийн газрыг огцруулалгүй, итгэл хүлээлгэх санал өгсөн байна. Тодруулбал, Японы парламентын доод танхимын 345 хууль тогтоогч Абэгийн засгийн газрыг огцруулахыг эсэргүүцсэн бол ердөө 124 гишүүн энэ асуудлыг дэмжжээ. Шинзо Абэгийн эрх баригч Либерал ардчилсан нам парламентад олон суудалтай учраас сөрөг хүчний намуудын санаачилсан санал хураалтыг ийнхүү хялбархан давж чадлаа. Шинзо Абэ 2017 оны дөрөвдүгээр сарын худалдааны татварын төлөвлөгөөт 2 хувийн өсөлтийг хойшлуулах тухай шийдвэрээ өнөөдөр танилцуулна гэж шинжээчид мэргэжилтнүүд хүлээж байна.
Дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэж болзошгүй байгаа энэ үед татварын өсөлт Японы эдийн засагт ноцтой үр дагавар авчирч болзошгүй гэж Шинзо Абэ тайлбарлаж байгаа. Тэрээр энэ шалтгаанаар Японы татварын төлөвлөгөөт өсөлтийг 2019 оны аравдугаар сар хүртэл хойшлуулахаар лобби явуулж байгаа юм. Дэлхийн гуравт бичигддэг Японы эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширсаар байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц 2015 оны мөн үеийнхээс 3,5 хувь буурсан үзүүлэлттэй гарсан. Мөн Японы засгийн газрын өр тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 240 хувьтай дүйцэхүйц хэмжээнд хүрээд байгаа юм.
Японы парламентын доод танхим Шинзо Абэгийн засгийн газарт итгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.