
Польшийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй гэж тодорхойлж байгаа Умард Атлантын эвслийнхний цэргийн сургуулилт тус улсад эхлээд байна. Польшийн нийслэл Варшав хот дахь Үндэсний батлан хамгаалахын академид “Анаконда” нэртэй уг цэргийн сургуулилтын нээлт боллоо. Польшийн Батлан хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар энэ сургуулилтад 24 орны 31 мянган цэрэг дайчид оролцох юм байна. Польшоос 12 мянга, АНУ- аас 10 мянга, Их Британиас мянга гаруй цэргийн албан хаагч хамтарсан энэ сургуулилтад оролцож байна. Мөн энэ сургуулилтад байлдааны гурван мянган техник, түүний дотор танк, хуягт техник, 100 гаруй онгоц, нисдэг тэрэг, байлдааны 12 хөлөг онгоц ашиглах юм.
Цэргийн хамтарсан сургуулилтын зорилго нь аливаа аюул заналхийллийн эсрэг хамтарсан батлан хамгаалах ажиллагаа явуулахад үндэсний болон эвслийн цэрэг дайчид, удирдлагын уялдаа холбоог бэхжүүлэх явдал болохыг цэргийн эрхтэнүүд мэдэгдэж байна. “Анаконда” цэргийн сургуулилттай зэрэгцэн “Saber Strike” нэртэй сургуулилт мөн болох юм байна. Энэ үеэр цэргийн анги нэгтгэлүүд, байлдааны техникийг Герман Польшоос Балтийн тэнгисийн орнууд болон Румын Болгарт шилжүүлэх үйл явцыг сургуулилах юм. Мөн “Swift Response” нэртэй сургуулилтын үеэр АНУ-аас Европт десант буулгахаар төлөвлөсөн байна. Америкийн цэргүүд Умард Каролинагаас Польшийн Олыштын, Торунью хээрийн талбайд бууж, Польш болон хөрш орнуудад нь үүрэг гүйцэтгэх юм байна.
Польшийн генерал, “Анаконда” сургуулилтын командлагч Марек Томашицкий тус улсын хувьд хамтарсан сургуулилтад оролцож байгаа цэргийн бус оролцогч орнуудын тоо онцгой чухал болохыг мэдэгдсэн байна. Энэ нь улс төрийн оролцоо өндөр түвшинд байгааг батлан харуулж байна хэмээн үнэлж буйгаа илэрхийлсэн байна. "Анаконда" цэргийн сургуулилтыг 2006 оноос хойш хоёр жилд нэг удаа Польшийн зэвсэгт хүчний шуурхай командлалаас зохион байгуулж ирсэн юм. 2012 оноос энэ сургуулилт олон улсын түвшнийх болон өргөжиж НАТО-гийн сургуулилтын төлөвлөгөөнд орох болсон юм. Энэ жилийн хувьд 6 дахь удаагийн сургуулилт бөгөөд түүхэндээ хамгийн өргөн хүрээтэйд тооцогдож байна.
Польшийн цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ | ||
Үзсэн: 2411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.