
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Люцинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчид байлцлаа.
Уулзалтын үеэр Азийн бүс дэх дэд бүтцийг хөгжүүлэх, Ази-Европын холбосон эдийн засгийн корридор байгуулах боломж бололцоо, авто замын салбарын хөрөнгө оруулалтын талаар хөндөж ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монголын дэд бүтцийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин авто замын сүлжээ өргөжин тэлж байгааг онцлоод цаашид ч энэ салбарын хөгжилд анхааран ажиллахаа илэрхийлэв.
Азийн бүс дэх дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилготой Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 2016 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор 57 гишүүнтэй. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь эхний төслүүдээ Монгол Улсад хэрэгжүүлэх сонирхолтой байгааг Зинь Люцинь уулзалтын үеэр тэмдэглэв. Үүний дагуу шинээр зам байгуулах болон байгуулагдсан замын ашиглалтын зардалд хөрөнгө оруулах тухай хэлэлцээг эхлүүлжээ. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонг-Конгод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд болсон Азийн хөрөнгө оруулалтын 19-р чуулганы үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Люцинтэй уулзахдаа ярилцжээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчтэй уулзав | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.