
Японы баруун өмнөд хэсэгт оршдог Кумамото мужид хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 2 сар өнгөрч байна. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдсан олон мянган иргэн орон гэртээ буцсан ч 6 мянга гаруй иргэн өнөөг хүртэл түр орогнох газруудад байрласан хэвээр байгаа юм. Дөрөвдүгээр сард болсон хоёр удаагийн газар хөдлөлтөд нийтдээ 49 хүн амь үрэгдсэн.
Мөн хөрсний гулгалтад нэрвэгдсэн Минамиасо тосгонд 1 хүн өнөөг хүртэл ор сураггүй байна. Кумамото мужийн засаг захиргаа өчигдөр газар хөдлөлтийн хор хохирлыг арилгах ажиллагааны явцын талаар олон нийтэд мэдээлэл хийсэн байна. Энэ мэдээллээс үзэхэд 6,431 хүн өнөөг хүртэл түр орогнох газруудад амьдарч байгаагаас гадна орон гэртээ буцах аргагүй болсон зарим оршин суугч автомашин, майхан, овоохойд хоног төөрүүлж байна. Дөрөвдүгээр сарын газар хөдлөлтөд нийт 140 мянган айлын орон сууцанд тодорхой хэмжээгээр эвдрэл гарсан.
Мөн 30 мянга орчим орон сууц бүр мөсөн нурсан юм. Эдгээр барилгын оршин суугчдад зориулан Кумамото мужийн захиргаа 3 мянган өрхийн түр орогнох байр босгож байгаа бол 90 өрхийн түр орогнуулах байрны барилгын ажил дуусч, айл өрхүүдээ хүлээн авчээ. Мөн Кумамото мужид үйл ажиллагаа явуулдаг олон тооны компани гамшгийн хор хохирлыг барагдуулж, газар хөдлөлтийн өмнөх үеийн түвшинд үйл ажиллагаагаа сэргээхээр чармайж байна. Албан тооцооноос үзэхэд Кумамото мужид болсон газар хөдлөлтөөс бизнес эрхлэгчдэд 9,5 тэрбум америк долларын хор хохирол учирчээ.
Кумамото мужийн оршин суугчид түр орогнуулах газарт амьдарсаар байна | ||
Үзсэн: 1376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.