Шууд Chart

БНХАУ, Германы удирдагчид уулзлаа

2016-06-14 13:23:15

Өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин Германы канцлер Ангела Меркелийг хүлээн авч уулзлаа. Меркель Хятад улсад 8 дахь удаагаа айлчилж байгаа явдалд Хятадын дарга талархал илэрхийлээд, мөн өдөр зохион байгуулагдсан 2 орны засгийн газар хоорондын 4 дэх үе шатны зөвлөлгөөнөөс чамгүй үр дүн гарсныг энэ үеэр цохон тэмдэглэжээ. Германы канцлер тус зөвлөлгөөнд оролцохоор энэ сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Хятад улсад айлчилж байгаа юм.

Түүний айлчлалын бие бүрэлдэхүүнд Германы засгийн газрын гишүүдийн тэн хагас нь, мөн эдийн засгийн салбарын 20 төлөөлөгч дагалдан яваа юм. Өчигдөр Хятадын дарга, Германы канцлер нарын уулзалтын үеэр 2 орны хамтран ажилладаг салбаруудыг өргөжүүлэх, “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцсэн байна. Энэ оны “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-д зохион байгуулах бол ирэх оны 12 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Германы Гамбург хотноо болох юм.

Үүнээс гадна Си Зиньпин визний журмыг хөнгөвчлөх, боловсрол, агаарын болон усан тээвэр, Хятадын уламжлалт анагаах ухааны салбарт 2 орны харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Харин Ангела Меркелийн зүгээс Германы бүтээмж өндөртэй үйлдвэрлэлийг дэмжих “Аж үйлдвэрлэл 4.0” төсөл, мөн БНХАУ-ыг аж үйлдвэржсэн хүчирхэг гүрэн болгох “Хятадад үйлдвэрлэв 2025” төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хоёр орон хамтарсан хүчин чармайлт гаргахыг уриаллаа. Хятадын дээгүүр албан тушаалтнууд, тэр дундаа тус улсын төрийн зөвлөх Ян Жечи хоёр удирдагчийн уулзалтад байлцсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ, Германы удирдагчид уулзлаа  
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй