Шууд Chart

Олимпид оролцох “Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2016-07-04 13:38:23

“Рио-2016” зуны олимп эхлэхэд 30 гаруй хоног үлдээд байна. Одоогийн байдлаар манай улсаас 40 орчим тамирчин гаргасан амжилтаараа Бразил улсад болох олимпид оролцох эрхээ аваад байгаа. Тэгвэл энэ тамирчдын 10 нь 70 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооных юм.

Өнөөдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид, Зэвсэгт хүчний анги байгууллагын удирдлагууд, "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр болон бусад тамирчид Рио-2016 олимпид оролцох тамирчдад баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр БХЯ, ЗХЖШ, Цэргийн тагнуулын газрын удирдлага, ажилтан алба хаагчид тамирчдад баяр хүргэж, сэтгэлийн өргөл болгож нэг өдрийнхөө цалинг хандивласныг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулан өгсөн юм.

Тамирчдыг төлөөлж, зургаа дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ хангаж буй Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа "Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулах мөч бүрт бидний ард батлан хамгаалах салбар, шилдэг дайчид байдагт баярлаж, бахархаж байна. Энэ жил түүхэндээ хамгийн олон буюу 10 тамирчин маань оролцож байгаа нь тамирчдын бэлтгэл, "Алдар" спорт хорооны удирдлагын хичээл зүтгэл байгааг илэрхийлэх байх. Хүндэтгэл үзүүлж буй явдалд баярлалаа. Бид төрийнхөө далбааг Бразилийн тэнгэрт мандуулахын төлөө хичээх болно" гэсэн юм.



"Рио-2016" зуны олимпод оролцохоор Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 10 тамирчин буудлага, чөлөөт бөх, жүдо, марафон, таеквондо, бокс, хүндийн өргөлт гэсэн спортын долоон төрөлд оролцох эрхээ гардаж, Алтан соёмбот төрийнхөө далбааг Бризали Улсын тэнгэрт мандуулахаар ийн зорих гэж байна.
1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа /буудлага/
2.Монгол Улсын гавьяат тамирчин, ахмад Г.Мандахнаран /чөлөөт/
3. ОУХМ П.Орхон /чөлөөт/
4.ОУХМ О.Үйтүмэн /чөлөөт/
5.ОУХМ Б.Мөнхзаяа /марафон/
6.ОУХМ М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
7.ОУХМ А.Цолмон /жүдо/
8.ОУХМ П.Тэмүүжин /таеквондо/
9.ОУХМ, дэд ахлагч Б.Чинзориг /бокс/
10. ОУХМ, дэд ахлагч Х.Энх-Амар /бокс/

Нэмж мэдээлэхэд, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо түүхэн 70 жилийнхээ хугацаанд 13 олимпийн мөнгө, хүрэл медальтан төрүүлсэн түүхтэй.

 

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

 

 


Олимпид оролцох “Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй