
Азийн даамын холбоо, Монголын даамын холбоо Монгол Улсын Засгийн газартай хамтран 100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эдгээр өдрүүдэд өөрийн улсдаа зохион байгуулж байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тус тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг зэрэг 15 орны 200 орчим даамчин өрсөлдөж буй. Тэмцээн МУБИС-ийн байранд болж байна.
Тэмцээний эхний өдрүүдэд 64 буудалт даамын тэмцээн явагдаж, Азийн аваргын медальтнууд тодорсон. Тэгвэл өчигдрөөс үндсэн төрөл болох 100 буудалт даамын тэмцээн эхэллээ. Эрэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аварга Г.Ганжаргал, БНХАУ-ын Жон Вэй болон 64 буудалт даамын дэлхийн аварга Узбекстаны А.Артиков нарын таван улсын шилдэг 24 даамчин өрсөлдөж байна.
Эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин байгаагаас 13 нь манай тамирчид юм.
Үндсэн төрөл нийт есөн өрөг тоглох бөгөөд цагийн хяналт нэг цаг 20 минут + 1 минут /нүүдэл бүрт/ үргэлжилнэ. Одоогоор эхний гурван өрөг явагдаж урьдчилсан дүн гараад байна.
Ингэхэд эрэгтэйчүүдийг Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай зургаан оноотой /гурван хожил/ тэргүүлж байгаа бол БНХАУ-ын Тиан Чэнчэн, Ц.Хашчулуун, их мастер Д.Эрдэнэбилэг нар адил таван оноотойгоор удаалж байна. Тэдний араас дөрвөн оноотой Монгол, Узбекстан, Тажикстан, БНХАУ-ын нийт зургаан тамирчин бичигджээ.
Тэмцээнийг тэргүүлэгч ДДХМ Р.Манлай эхний гурван өрөгт Г.Гэрэлболд, О.Түвшинболд болон Узбектистаны С.Калановыг хожжээ.
Эмэгтэйчүүдийг М.Нандинцэцэг, М.Одгэрэл, М.Нямжаргал нарын даамчин адил таван оноотой тэргүүлж байна.
Р.Манлай, М.Нандинцэцэг нар тэргүүлж байна | ||
Үзсэн: 1160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.