
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар сагсан бөмбөгийн анхны гавьяат тамирчин Ц.Шаравжамц томилогдоод байв. Гэхдээ тэр түр орлон гүйцэтгэгчийн үүрэгтэй байсан бол өнөөдөр тамгаа гардаж, албан ёсоор ажлаа хүлээн авлаа.
Тамга хүлээлцэх үед БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал асан Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Х.Бахытжан нарын зэрэг албаныхан оролцов.
Ж.Батсуурь сайд “Шинэ Засгийн газрын бүтцээр манай яам хоёр агентлагтай болсны нэг нь Биеийн тамир, спортын газар юм. Манай тамирчид өмнө нь байгаагүй олон бүрэлдэхүүнтэй Риогийн олимпод оролцож байна. Ажлаа авч байгаа шинэ дарга нь салбарын хүн учраас цаашид улам илүү сайн ажиллах байх. Бид өвлийн спортын ордонтой болох мөрөөдөлтэй. Тиймээс спортын салбарын бүх хүн үүнд анхаарал тавьж байгаа юм. Олон хүний анхаарал тавьсны үр дүнд тамирчдын маань амжилт улам дээшилж, өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж, сайн ажиллахыг хүсье. Бид тамирчдаа маш сайн дэмжиж ажиллах ёстой шүү” гэв.
Харин Ц.Шаравжамц “Хоёргүй сэтгэлээр энэ салбартаа зүтгэж, спортыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна” гэдгээ илэрхийллээ.
Ц.Шаравжамц ажлаа албан ёсоор хүлээн авлаа | ||
Үзсэн: 12509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.