Шууд Chart

Шатарчид гараагаа сайхан эхлүүллээ

2016-09-05 13:00:41

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпийн наадам өндөрлөөд 10 гаруй хонож байна. Тэгвэл Азербайжаны Баку хотод “Шатрын их олимп” нээлтээ хийлээ. 42 дахь удаагийн олимпиадад эрэгтэй 171, эмэгтэй 131 баг өрсөлдөж байгаа юм. Манай улсын эрэгтэйчүүдийн багийг их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Г.Мөнхгал, С.Билгүүн, Н.Баттулга нар бүрдүүлж буй. 

Эрэгтэй шатарчид өчигдөр гурав дахь өрөгтөө Катар Улсын багийг 2.5-1.5 харьцаагаар хожлоо. Нэгдүгээр ширээнд олон улсын мастер Г.Мөнхгал Катарын анхны их мастер Al-Modiahki, Mohamad-ыг, их мастер Б.Гүндаваа их мастер AL-Sayed, Mohammed-ыг тус тус хожиж, их мастер Ц.Батчулуун тэнцсэн бол олон улсын мастер Н.Баттулга Дэлхийн эмэгтэйчүүдийн аварга асан Zhu, Chen-д хожигдлоо.

Олон улсын мастер Г.Мөнхгал их мастерын норм биелүүлэн, чансаагаа 2500-д хүргэвэл их мастер цол хүртэх боломжтой. Ийнхүү эрчүүд эхний гурван өргийн дараах байдлаар хоёр хожил, нэг тэнцээтэй байна.

Эрэгтэйчүүд нээлтийн өрөгтөө Макаогийн шатарчдыг 3.5:0.5-аар буулган авсан. Гэвч хоёр дахь өрөгтөө Финляндын багтай 2:2-оор тэнцжээ. Тус багийн хийсэн тоглолтод их мастер У.Батчулуун багтаа бүтэн оноо бэлэглэсэн бол их мастер Б.Гүндаваа, олон улсын мастер Г.Мөнхгал нар хайнцаж, С.Билгүүн өрсөлдөгчдөө хожигдов.

Харин эмэгтэй багийг их мастер Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, А.Энхтуул, олон улсын мастер У.Лхамсүрэн, ФИДЕ мастер Ү.Үүрийнтуяа нар бүрдүүлсэн. Тус баг эхний өрөгтөө Финляндын шатарчдыг 3.5:0.0-аар буулган авч, гараагаа амжилттай эхлүүлсэн ч удаах өрөгт Азербайжаны II багт 2.5:1.5-аар хожигдсон. Харин өчигдөр гурав дахь өрөгт Ямайкa улсын багийг 3.5-0.5 харьцаагаар хожиж, гурван өргийн дараах байдлаар хоёр хожил, нэг хожигдолтой болоод байна. 

Гурав дахь өргийн тоглолтод нэгдүгээр ширээнд Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ тэнцэж, эмэгтэй их мастер А.Энхтуул, эмэгтэй олон улсын мастер Ү.Үүрийнтуяа, У.Лхамсүрэн нар хожлоо. Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ их мастерын нэг норм биелүүлэн, чансаагаа 2500-д хүргэвэл их мастер цол хүртэнэ.

Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн олимпиад оролцогчийн тоогоороо “Тромсо-2014”-ийн амжилтыг эвдэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч улс төрийн шалтгаан, аюулгүй байдлын үүднээс зарим орон оролцсонгүй.

Тухайлбал, шатрын олимпиадын гурван удаагийн аварга Армяны баг Бакуд ирэхээр татгалзжээ. Турин, Дрезден, Истанбулд аваргалж байсан тэд дээд Карабахын газар нутгийн улс төрийн шалтгаан ба шатарчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж үзсэн учраас шатарчдаа Баку руу явуулаагүй гэнэ. Түүнчлэн Сенегал, Кени, Камерун, Төв Африк тэргүүтэй Африк тивийн 20 орчим орон энэ удаагийн олимпиадад тодорхой шалтгааны улмаас оролцож чадсангүй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шатарчид гараагаа сайхан эхлүүллээ  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй