Шууд Chart

Б.Цэвээнпүрэв: Ерөнхий сайдын өрөөнд засвар хийлгэх гэрээг 2013 онд байгуулсан

2016-09-12 10:31:51

Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөний засварын талаар Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирал Б.Цэвээнпүрэвээс тодруулга авлаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд өрөөндөө тансаг зэрэглэлийн засвар хийлгэж байна гэсэн зурагнууд олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж байгаа. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын хувьд үнэхээр тийм засвар хийгдсэн үү гэдэг дээр тайлбар өгөхгүй юу?

-Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар төр, засгийн байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны нөхцөл, барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг найдвартай ханган ажилладагийн хувьд Ерөнхий сайдын өрөөг засварлаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь манай байгууллагын хүлээсэн үүргүүдийн нэг юм. Төрийн ордны энэ хэсгийн барилга 1961 онд ашиглалтад орсноос хойш 1981 онд Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд их засвар хийж байсан. Түүнээс хойш өнгө будгийн засварууд хийгдсэн. Хамгийн сүүлд 2008  урсгал засвар онд хийгдсэн юм.

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын өрөөний хувьд 2015 онд Засгийн газрын хуралдааны танхим гал гарсны дараа их засвар хийсэн. Тухайн үед танхимыг сэргээн засварлахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь Засгийн газрын хуралдааны танхимын дэргэд суух нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрч, 2015 оны 8 дугаар сард өрөөг бүрэн засварлан, тохижуулсан байсан.

-Ерөнхий сайдын өрөөний засварт хичнээн төгрөг зарцуулж байгаа вэ, засах зайлшгүй шаардлага байсан уу?

-Монгол Улсын Ерөнхий сайдын Төрийн ордон дахь албан өрөө байрлаж байгаа хэсэг 1961 онд баригдсан бөгөөд МХЕГ-аас удаа дараа дүгнэлт, шаардлагууд ирж байсан. Үүний нэг нь 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 07/100/07 тоот Улсын ахлах байцаагчийн дүгнэлт бөгөөд цаашид нуралт эвдрэл үргэлжлэн гарах нөхцөл бүрдсэн, ашиглалтын үеийн аюулгүй байдлын баталгаа байхгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Таазны шавардлагыг буулган, дүүжин тааз хийж, хөнгөн жин бүхий чийдэнгийн бүрхүүл суулгаж, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулсны дараа тус өрөөг ашиглах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.

Мөн Ерөнхий сайдын өрөөнд 1981 оноос хойш 35 жил их засвар огт хийгдээгүй, 8 жилийн өмнө өнгө будгийн урсгал засвар хийсэн байсан. Тиймээс өрөөний дотор модон доторлогоонууд хуучирч, механик гэмтэл авсан, таазны шавардлагааны бүтцэд өөрчлөлт орж, бэхэлгээ суларч эхэлсэн. Үүнээс болоод Ерөнхий сайдын уулзалтын өрөөний гэрэл унасан тохиолдол ч гарсан. Түүнээс хойш аюулгүй байдлын шаардлагаар цахилгааны схемийг шинэчлэх шаардлагатай болсон учраас их засварын ажлыг хийхээр болсон юм.

Тодруулбал 2013 оны 8 дугаар сард Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар, гүйцэтгэгч компанитай “Төрийн ордны зүүн жигүүрийн албан өрөөнүүдийн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байдаг юм. Тус гэрээний дагуу тохижилтын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 15-нд дуусгаж, өрөөг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалж, гэрээний хугацааг сунган ахин гэрээ байгуулсан. Үүний дараа 2015 оны 12 дугаар сараас засварын ажил хийгдэх материалаа татаж авсан. Ерөнхий сайд өрөөгөө суллаж, засвар хийлгэх боломжгүй байснаас засварын ажил хойшилж, энэ оны 8 дугаар сараас эхэлсэн. Одоо дуусах шатандаа ороод байна. Ерөнхий сайдын ажлын өрөө, уулзалтын өрөө болон хүлээлгийн өрөөнүүдийн модон доторлогоо, цахилгааны схемийг шинэчилж, таазанд өнгө будгийн засвар хийж байна. Энэ бол хэн нэгэн хувь хүний өрөө биш. Монгол Улсын Ерөнхий сайдын өрөө. Энд нэг хүн биш, үе үеийн Ерөнхий сайд нар ээлж дараалан сууна. Хамгийн наад зах нь Ерөнхий сайд гадаад, дотоодын зочидтой уулзахад л Монгол Улс, Монгол төрийн нэр нүүр гарна. Тийм учраас Ерөнхий сайдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах үүндээс 35 жил их засвар хийгдээгүй Монгол Улсын Ерөнхий сайдын албан өрөөг засварлаж дуусгаж байна.  


Б.Цэвээнпүрэв: Ерөнхий сайдын өрөөнд засвар хийлгэх гэрээг 2013 онд байгуулсан  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй