Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны төсвийн төсөлд санал хүргүүлэв

2016-10-20 18:02:52

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр санал хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч илгээсэн саналдаа “УИХ-аар 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан дараах саналыг УИХ-д хэлэлцэн шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна” гээд, үүнд:

    Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх, үүнтэй холбогдуулан эхний ээлжид 5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах
    Аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох улсын төсөв, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийг өмнөх хүрсэн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг Сангийн сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах
    Өндөр насны тэтгэвэрт гарч буй багш, эмч, цэргийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмж 36 сар байх, энэхүү тэтгэмжийг тооцох аргачлалыг хэвээр хадгалах, олгох тэтгэмжийг өмнөх жилүүдийн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг 2017 оны төсөвт бүрэн хэмжээгээр нь тусгах
    МСҮТ-үүдийн хувьсах болон хичээл, практикийн зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход 1,9 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг үргэжлүүлэхэд зориулан 30 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад тус тус нэмж тусгах
    Гадаадын их, дээд сургуулиуд, үүний дотор олон улсын тэргүүлэх 20 сургуульд суралцагчдын зардал, тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгох, үүнтэй холбогдуулан 12 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах зэрэг болно.

Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацааг 5 жилээр хойшлуулсан, мөн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад хуулиудын төслийг хууль санаачлагчид нь буцаасан, эсвэл хэлэлцэх хугацааг нь хойшлуулсан байх тул эдгээр шийдвэрүүдээ эргэн харж шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Мөн эдгээр саналуудыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12 дахь хэсгийг баримтлан нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалгаж шийдвэрлүүлж өгнө үү гэсэн байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны төсвийн төсөлд санал хүргүүлэв   
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.218.xxx] 2016-10-20 19:46
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй