
Амьдрал нэг л шугаманд битүү өнгөөр хүнгэнэх гэнгэнэсэн аяз адил. “За хурдлаарай, хожигдлоо. Алив цүнхээ шалгаарай миний охин. Хурдан өмс л дөө. Цайгаа уусан уу, Миний хайрт нөгөө ...” Өглөө бүр халуун ам бүлд өрнөх яриа ийм. “Хоолоо сайн идээрэй. Хичээлээ бүдгийг нь хийсэн биз, Одоо унтах цаг...
Эхнэр, нөхрийн нууцхан шивнээг эс тооцвол үдэш бүр гэрт мөн ийм л яриа дүнгэнэнэ.
Хүн гэдэг амьтан ахиж нэхэж байдаг юм хойно нэгэн жигд дуугарах хэмнэлдээ чимэг оруулж, хөг нэмэхийг эхнэр хүснэ. Түүнээс ч илүү сайхан ая эгшиг хаа нэгтээ уянгалаад бай шиг.
Ингээд илүү сайхны эрэлд гарлаа. Өөрөө өдөн барин байж ойрд уулзаагүй найз бүсгүйгээ урьж, үдшийн хэмнэлдээ хөг нэмэхээр шийдэв. Арван жилдээ ширээ залган сурч, оюутны байранд тогоо нэгтэй амьдарсан найз бүсгүй өөрийн найз, миний эчнээ таних бүсгүйг ч ханьсуулж. Ойр хавьд уулзалдаагүйн баяр хөөр, хөнгөн хөгжмийн хэмнэл, үеийн бүсгүйчүүдийн сониуч зан дарсаар чамгүй хөгжив.
Хундага харшилдаж, ерөөл өргөх бүрийд ширээ тойрсон яриа олширч, дуу чангарна. Дарвисан нөхдийн хөл хөгжмийн аянд бүүр ч хөнгөлүүн. Удалгүй дарсны охьд халсан бие, хөөрсөн сэтгэл агаарт хөвж, зэргэлээнд төөрөх аядав. Гэртээ харих цаг болжээ.
Өглөөд ээжийн дуу эс гарна. Хөгжмөөр бол цангинасан, хангинасан эгшиг энэ гэрт дутаад байх шиг. Аав, хүүхдүүд л нааш цааш холхилдож, энээ тэрээ, үүнийг түүнийг... гэцгээсээр гарч одов. Харин тэр бүр ам нээж олныг шалаад байдаггүй эр нөхрийн “Өчигдөр тэгээд хэр байв” гэх асуулт эхнэрийг шалан хаалганы дотор хоцров.
Энэ гэрийн хэмнэлд салхи оржээ. Өглөө бүр шалмагхан босч цай ундаа бэлтгэн гэр бүлээрээ ширээ тойрон тухлачихаад, охин, хүү хоёроо сургууль, цэцэрлэгт нь үнсэж үддэг, нөхөртөө эрхлэн барин ажилдаа гардаг хөг хэмнэл ийн өөрчлөгдөв.
Хүнд бараан, нүүгэлтсэн, тэр гэхийн тэмдэггүй дэгэн догонтой хэм хэмнэл цухалзах шиг...
Би чинь сайхан ая эгшгийг сонсож, мэдэрч, бас тоглож, тоглуулж байсан юм байна. Ийм л хөг аялгууг тасралтгүй эгшиглүүлж, биднийгээ баясгах гэж миний хань, бас би өөрөө хичнээн хичээж ирэв. Энэ л аялгууг чамлаж, өнгө давсан, өөр нэгэн аялгууг эрэлхийлж байсан гэж үү...
Хөнгөн, гэгээхэн, хааяа хааяа хүнгэнэсэн баргил түрлэгтэй ая дан гэрт минь эгшиглэж, уянгалж байдаг юм байна. Яг л хаврын шувуудын жиргээ шиг, зуны усан долгио, намрын навчсын сэрчигнээн, өвлийн цасны чихраан шиг орон зай, цаг хугацааг мэдэрч, хүсэл тэмүүлэлд хөтлөгдсөн тийм нэг сайхан эгшиг.
Ийм байхад айлын эзэгтэй би чинь хаанаас, хэнээс ямар өнгө эгшиг хайж, ая эгшгийнхээ хаана нь шигтгэх гэж гүйнэм. Ийм л сайхан ая дангийн яруу увидас сонсогч авхай танд ч бас буй. Хэрхэн эгшиглүүлэхээ чухам та л мэдэх...
Тэр нэгэн өдөр буюу амьдралын ая дан | ||
Үзсэн: 2129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.