Шууд Chart

Засгийн газар хуралдлаа

2016-11-02 17:19:15

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг баталлаа. Уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан юм.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Хуулийн төслийг боловсруулж батлуулах хүртэлх хугацаанд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг зохицуулах түр журам боловсруулах шийдвэр гаргалаа. Мөн өнөөдрийн хуралдаанаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болголоо. Чуулгын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буй юм.

Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг товлон хүргэе.

-  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Ерөнхий сайдын албан ёсны айлчлал нь дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн тэлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой болсон гэж үзлээ.

-  Бүлэг жуулчид хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн төслийг боловсруулж БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв. 


Засгийн газар хуралдлаа  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй