
Хог хаягдлыг багасгах, ангилах, дахин боловсруулах талаар бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх замаар албан байгууллага, аж ахуй нэгжийг хог хаягдлаа ангилан ялгах үйл ажиллагаанд уриалж, хувь хүн, байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж буй “Өнгө нэм” төслийн менежер Н.Амгалан-Эрдэнээс зарим асуултад хариулт авлаа.
-Та төслийнхөө талаар болон хог хаягдлын менежментийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч?
-Манай “Өнгө нэм” төсөл аж ахуй нэгж, байгууллагад хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тухайн байгууллагын хог хаягдлын судалгааг хийсний ард, менежментийн төлөвлөгөө гаргадаг. Ингэснээр тухайн байгууллагын хог хаягдлыг багасгах, ангилж ялгах, ангилж ялгасан хогийг тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх менежмент хийж байна. Манай төсөл 20 орчим аж ахуй нэгж, байгууллагын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг гаргаад, хэрэгжүүлж байгаа. Эдгээр ААН, байгууллага ангилж, ялгасан хогоо зориулалтын тээвэрлэлтээр хог дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргүүлдэг.
Олон улсад хог хаягдлын менежментийн ажил дахин боловсруулах үйлдвэрүүдтэй нягт холбоотой явагддаг. Тухайн улс оронд ямар төрлийн хог дахин боловсруулах үйлдвэр сайн хөгжсөн гэдэгт үндэслэн ангилан ялгалт хийгдэж, дахин боловсруулж байна. Харин Монголд Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд жилд 1.4 сая тонн хог хаягдал гардаг. Үүнийг гурван том төвлөрсөн цэг рүү тээвэрлэдэг. Гэтэл энэ гурван цэгийн багтаамж 80-90 хувьд хүртлээ дүүрсэн. 2021 оноос эхлэн шат дараалалтай хаах нөхцөл байдал үүссэн. Тиймээс Улаанбаатар хотын хог, хаягдлын асуудалд яаралтай арга хэмжээ авах хэмжээ авах шаардлагатай. Үүнээс үүдэн 2010 оноос хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд анхаарал тавьж эхэлсэн байгаа. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг цэвэр түүхий эдээр тасралтгүй хангах шаардлага гардаг. Тэгэхээр эх үүсвэр буюу ААН, байгууллагууд хог хаягдлаа ангилж, ялгах, дахин боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэх менежментийг зайлшгүй хийх хэрэгтэй байна.
-Нөгөө талдаа хог хаягдлын менежмент хэрэгжүүлж буй байгууллага нийгмийн хариуцлагаа биелүүлэхээс гадна эдийн засгийн хувьд ямар үр өгөөж хүртэх вэ?
-Тухайлбал, ААН, байгууллага хог хаягдлын менежмент хэрэгжүүлснээр долоо хоногт долоо удаа хогоо ачуулдаг байсан бол тав болж багасдаг. Тэр хэрээр Тохижилт үйлчилгээний төв(ТҮК)-д өгдөг зардал нь багасна. Мөн хогоо менежментийн дагуу ангилж, ялгаад дахин боловсруулах үйлдвэрт их хэмжээгээр нийлүүлвэл тухайн түүхий эдийг авахдаа төлбөр төлдөг зохицуулалт байгаа. Тэгэхээр зардлаа хэмнэхээс гадна тодорхой хэмжээний орлого орж ирнэ.
-Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз танай төслөөс зөвлөгөө авч хог хаягдлын менежмент хэрэгжүүлээд нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Танай төслийн зүгээс МҮОНРТ-д хэрэгжиж буй менежментэд ямар дүн тавих вэ?
-МҮОНРТ 800 орчим ажилтантай. Өнгөрсөн жилийн өдийд хог хаягдлын менежмент эхлүүлсэн цагаасаа удирдлага, ажилтан, уран бүтээлчид маш их анхаарал хандуулж, бүх өрөө, тасалгаандаа хог хаягдал ангилан ялгах зориулалтын хогийн сав байрлуулж, хаях төвлөрсөн цэгүүд байгуулсан зэрэг шаардлагатай бүх ажлыг хэрэгжүүлсэн.
Монгол Улсын хог хаягдлаа ангилан ялгаж эхэлсэн анхны телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага болсон. Мөн манай төслийн зөвлөгөө өгдөг ААН, байгууллагаас хамгийн олон ажилтантай. Тэгсэн хэрнээ хог хаягдлын менежментээ хамгийн сайн хэрэгжүүлж байгаа. Ер нь хог хаягдлын менежмент хэрэгжүүлэхэд зохион байгуулалт маш чухал. МҮОНРТ-ийн зохион байгуулалт маш сайн, үлгэр жишээ гэж хэлж болно.
-Танайхаас зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй ААН, байгууллагад ямар шаардлага тавьдаг вэ?
-Бидэнд хүсэлтээ ирүүлсний ард тухайн байгууллагын онцлог, үйл ажиллагаатай танилцдаг. Ийн хийгдэх менежментийн саналыг гаргаж өгдөг. Үүнээс тухайн байгууллагын удирдлага тухайн менежментийг багцаар нь болон төрлөөс нь сонгож байгууллагадаа хэрэгжүүлдэг.
-Нийслэлд хог хаягдлын менежмент хэрэгжүүлж буй СӨХ, орон сууцны хороолол бий юу?
-Орон сууц, СӨХ-ны тухайд гэвэл манай төсөл “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороололтой хамтарч ажиллаж байгаа. Уг цогцолбор хороолол оршин суугчдыг орон сууц худалдаж авахаас өмнө хог хаягдлын менежментийн суурийг тавьж, ангилж ялгадаг цэгүүдийг байгуулсан. Мөн нийт оршин суугчиддаа хог хаягдлын менежмент болон хэрхэн ангилж ялгах талаар тогтмол сургалт явуулдаг. Түүнчлэн орон сууцны цогцолбор хорооллуудаас хог хаягдлын менежмент хэрэгжүүлсэн анхдагч хороолол болсон.
-Орон сууцныхаа хогийг ангилж ялгах хүсэлтэй оршин суугчид болон СӨХ танайд хандаж болох уу. Танайх иргэдэд хандсан зөвлөх үйлчилгээ үзүүлдэг үү?
-Зөвхөн иргэд рүү хандсан зөвлөх үйлчилгээ одоогоор байхгүй. Гэхдээ ажлын байрандаа хог хаягдлаа ангилан ялгаж хаядаг, мөн нийгмийн хариуцлагаа ухамсарладаг иргэд орон сууцандаа хог хаягдлын менежмент хийх хүсэлтэй бол хөршүүд, орон сууцныхаа оршин бусад суугчтай нэгдээд СӨХ-доо санал тавьж, улмаар манай төсөлтэй холбогдож зөвлөх үйлчилгээ авах, орон сууцандаа хог хаягдлын менежмент хэрэгжүүлэх боломжтой.
Н.Амгалан-Эрдэнэ: ААН, байгууллага хогоо ангилан ялгаснаар тохижилт үйлчилгээний зардлаа хэмнэж, нэмэлт орлого олно | ||
Үзсэн: 4639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.