Прокурорын байгууллага эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 37 хүнд холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь байгалийн өвөрмөц онцлог тогтоц бүхий газар нутгууд болон ховор, нэн ховор амьтны тархац тоо толгойноос хамаарч Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Өмнөговь зэрэг аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байна.
Прокуророрын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.
Орхон аймгийн прокурорын газраас:
- Б.Т, С.М нар нь бүлэглэн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 9 дүгээр сарын 06-наас 12-ны өдрүүдэд Амьтны тухай хуулиар нэн ховор амьтны жагсаалтад багтсан 13 тооны “Баданга хүдэр”-ийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, улмаар 13 ширхэг заар, 2 ширхэг соёо зэрэг түүхий эдийг нь “Хьюндай Сонота 6” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (нэн ховор амьтныг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцдог.
Дээрх хэргийн тухайд 1 тооны баданга хүдрийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 5,8 сая төгрөг бөгөөд 13 бодгалийн үнэлгээ 76,4 сая төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцвол 152,8 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүхээс Б.Т, С.М нарыг бүлэглэн нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь 13 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэн дүн болох 152,8 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ТОЗ-8 загварын винтов буу 1 ширхэг, угсарч гагнасан гар хийцийн буу, сум, сүх, хутга зэргийг устгахыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:
- Ө.Т нь 2025 оны 10 дугаар сард Ховд аймгийн нутаг дэвсгэрээс Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан аргалийн түүхий эдийг худалдан авч, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан, улмаар түүхий эдийг нь “Хино профиа” (HINO Profia) загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэсэн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ховор амьтныг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 1 тооны аргаль нь 22,2 сая төгрөг, хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцвол 44,4 сая төгрөгийн хохирол учирсан.
Шүүхээс А.Т- г нэн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирол болох 44,4 сая төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 39,5 сая төгрөгийг гаргуулж улсын болгохоор шийдвэрлэсэн.
Хөвсгөл аймгийн прокурорын газраас:
М.Б- нь 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэр дэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг ашиглан, Амьтны тухай хуулиар нэн ховор амьтны жагсаалтад орсон, 2 тооны “шивэр молцог хандгай”-г тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар агнасан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар нэн ховор амьтныг агнасан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Амьтны аймагт учруулсан нөхөн төлбөрийн хувьд 1 тооны шивэр молцог хандгайн экологи эдийн засгийн үнэлгээ нь 19,7 сая төгрөг бөгөөд хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцвол нийт 78,8 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүхээс М.Б-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирол 78,8 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсэг, гол төмөр, замаг зэргийг устгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн.
Хууль бусаар ан агнуур хийх явдлыг зогсооход иргэн бүрийн оролцоо нэн чухал. Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.
| Нэн ховор, ховор амьтныг агнасан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ | ||
| Үзсэн: 52 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.