Шууд Chart

Индонези улс ба АСЕМ

2016-04-19 12:16:07

Индонези, албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Индонези Улс бөгөөд Зүүн өмнөд азид орших улс юм. Хүн амын тоо-2011 оны хүн амын тооллогоор 245 сая 600 мянга гаруй, нутаг дэвсгэрийн хэмжээ 1 919 440 шоо/километр, энэ хоёр үзүүлэлтээр бүс нутгийн том орны тоонд ордог.

Хүн амынхаа тоогоор дэлхийд 4-т, нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр 14-т ордог. Нийслэл-Жакарта хот, улсын хэл нь индонези хэл. Ерөнхийлөгчийн засаглалтай улс. 2014 онд тус улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд Жоко Видодо ялж, 10 дугаар сарын 20-нд тангараг өргөж, албан тушаалдаа орсон, дэд ерөнхийлөгч Юсуф Калла. 34 засаг захиргааны нэгжтэй, үүний 32 нь муж, 2 нь мужийн статустай тойрог. Малайн бүлэг арал болон Шинэ Гвиней арлын баруун хэсэгт байрлана.

Номхон далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн. Дэлхийн хамгийн том арлын орон. Угсаатны зүйн олон төрлөөр ялгардаг. Нийт хүн амын 88 хувь нь исламын шашин шүтдэг тул Индонези нь исламын шашинтай дэлхийн хамгийн том улс юм. Хөдөө аж ахуй болон аж үйлдвэрлэл түлхүү хөгжсөн эдийн засагтай, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2,676 их наяд доллар, энэ нь нэг хүнд 10 мянга 600 доллар оногдож байна гэсэн үг юм.

Мөнгөн тэмдэгт нь Индонези рупий. 1945 оны наймдугаар сарын 17-нд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан, 1942-1945 онд Японы түрэмгийлэлд байсан ба үүнээс өмнө Нидерланд улсын колони байсан. Нидерланд улс анх Индонезийг 17 дугаар зууны эхний хагаст нээж, 20-р зууны эхэн үе хүртэл өөрийн мэдэлд байлгасан. Индонези улсын түүхийг ярих юм бол маш их урт түүх болно, иймээс бид та бүхэндээ Нидерландын колониос салсан тэр цаг үеээс хойшхи улс орны хөгжлийг ярихаар шийдлээ.


Нидерландын колоничлол

Нидерландын колоничлол 1798-1942 он хүртэл үргэлжилсэн, Индонезийг эхний үед Нидерландын амбан захирагч удирдаж байгаад сүүлд нь Нидерланд улсын засгийн газар шууд захирч байсан. Нидерланд улс Францын эрх мэдэлд орсоны дараа ээлжит амбан захирагчаар Герман Виллем Дендельс томилогдож, энэ хүн үндсэндээ Индонезид Францын колоний эрх ашгийг л урагш зүтгүүлж байлаа. 1811 онд Индонези Их британий хяналтад шилжсэн, Их Британи Францын далайн чанад дахь нөлөөг сулруулахын тулд Нидерландын Колони байсан Индонезийг булаан эзэлсэн юм.

Британий амбан захирагчаар Томас Стэмфорд Раффлзом гэдэг хүн томилогдож, маш богино хугацаанд засаг захиргааны удирдлагын шинэ арга барилыг нэвтрүүлсэн нь үр днүгийнхээ хувьд Нидерландын засаг захиргааны хэлбэрээс ялгарч, илт давуу байлаа. Индонезийг 1814 оны Лондонгийн конвенциор Францын нөлөөнөөс чөлөөлөгдсөн Нидерланд улсад эргүүлэн өгсөн байна. Нидерланд улс Индонезид засаг захиргаагаа сэргээх үед британчуудын хийсэн өөрчлөлт, шинэчлэлийн ихэнх хэсэг устаж үгүй болсон байгаа. Голландууд өөрийн эзэмшлээ өргөтгөх, орон нутгийн засаг захиргааг бие даалгахгүй байх гэсэн бодлого баримталж, хэрэгжүүлж байсан.

Орон нутгийн ард иргэд Нидерландын засаглалыг дэмжиж ирсэн үү? гэвэл үгүй юм, орон нутгийн ард иргэдийн эсэргүүцэл маш их байсан, колдоний эсрэг томоохон мөргөдөөнүүдийг нэрлэх юм бол: 1821-1837 оны Падри дайн, 1825-1830 оны Яваны дайн, 1873-1913 оны Ачехын дайн байна. Голландууд 1906 онд Ачехыг, 1920 онд Шинэ Гвиней арлын баруун хэсгийг нэгтгэж авснаар өнөөгийн Индонези улсын нутаг дэвсгэр бий болсон түүхтэй. Нидерландад эдийн засгийн хөгжил өөрчлөгдөх бүрт колонийг эдийн засгийн хувьд хэрхэн мөлжих арга барил нь өөрчлөгдөж ирсэн, тухайлбал 19-р зууны хоёрдугаар хагаст тариалангийн аж ахуйнууд бий болж, голланд бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажилд их ач холбогдол өгч иржээ. 20-р зууны эхэн үед Индонезийн хөгжилд европын улс орнууд болон АНУ нэлээд хүч түрэн орж ирсэн.

Мөн энэ үеэр үндэсний эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн үүссэн байгаа, 1900-1910 онд Индонезид бие дааж, салан тусгаарлахыг өөрийн гол зорилго болгосон хэд хэдэн байгууллага бий болсон байгаа. Европт тэр цаг үед өрнөсөн үйл явцын нөлөөгөөр зүүний чиг баримжаатай жигүүрүүд идэвхтэй бий болж байлаа, тухайлбал 1914 онд анхны Социал-демократ бүлгэм бий болсон болсон бол 1920 онд Индонезийн Коммунист нам үүсэн бий болжээ. 1927 онд улс орны ирээдүйн ерөнхийлөгч Сукарно тэргүүтэй Үндэсний нам үүсэн байгуулагдсан. Энэ нам үндэсний эрх чөлөөний төлөөх хөдөлгөөний хүрээнд үзэл суртлын маш хүчтэй хөдөлгүүр болсон байдаг. Дэлхийн 2-р дайн эхлэх үед Нидерланд улс дундыг барих байр суурь баримталж байснаас болж Индонези цэргийн ажиллагаанд нэг их татагдан ороогүй, гэвч 1940 оны тавдугаар сард Герман Нидерландыг булаан эзэлмэгц Лондон руу зугтан гарсан Нидерландын засгийн газар өөрийн колониудад байгаа зэвсэгт хүчнээ Дэлхийн 2-р дайнд Гитлерын эсрэг эвсэлд нэгдэж, дайн тулаанд орох болосныг зарласан.

1942-1945 оны Японы булаан эзлэлт

1942 оны 2-3 дугаар сард Индонезийг японы цэрэг булаан эзэлсэн. Энэ үеэр Индонезид ямар ч төвлөрсөн засаг захиргаа байгаагүй тул японы зэвсэгт хүчний янз бүрийн бүтэц нутгийг удирдан захирч байлаа: тухайлбал Ява, Мадура 16р армийн эрх мэдлийн бүсэд, Суматра болон эргэн тойрны арлууд 25-р армийн бүсэд, үлдсэн нутаг дэвсгэр хоёрдугаар усан флолтын эрх мэдлийн бүсэд хамаарч байсан байна. Японы засаг захиргаа Зүүн өмнөд азид булаан эзэлсэн нутаг дэвсгэрт орон нутгийн ард иргэдийн дэмжлэгийг авахын тулд европын эсрэг үзэл бодлыг хөхүүлэн дэмжиж, япон, индонези соёл угсаа зүйн хувьд ойр гэдгийг итгүүлэн үнэмшүүлэхийг оролдож байлаа. Японы цэрэг Үндэсний эрх чөлөөний төлөөх хөдөлгөөний удирдагчдыг хамтран ажиллахад урьж, үндэсний чиг баримжаатай нийгэм-улстөрийн байгууллага байгуулахыг хүртэл зөвшөөрч байсан байна. 1945 онд японы засаг захиргаа Индонезид тусгаар тогтнол олгох бэлтгэл ажлыг эхлүүлж байжээ. Индонезид японы булаан эзлэлт Японы засгийн газар үг дуугүй бууж өгч байгаагаа зарласны дараа буюу 1945 оны наймдугаар сарын 15-нд дууссан ч гэлээ японы цэргийн зэвсгийг хурааж дуусах хүртэл, мөн холбоотны цэрэг ирэх хүртэл японы цэрэг Индонезид нэг хэсэг байсан.

Тусгаар тогтнолын үе буюу 1945 оноос өнөөг хүртэл

1945 оны наймдугаар сарын 17-нд Сукарно болон Хатта нар улс орныхоо тусгаар тогтнолыг тунхаглан зарлаж, Индонезийн үндэсний төв хороо гэдэг засгийн эрх барих байгууллага бий болсон. Энэ байгууллага Сукарно, Хатта нарыг ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөөр сонгож, Үндсэн хуулиа баталсан байна. 1945 оны 8-9 дугаар сард Сукарногийн засгийн газар гол гол төрийн институцыг байгуулж чадсан. Гэвч 10 дугаар сард Бүгд найрамдах улсын зэвсэг хүчин Ява арал дээр япончуудын зэвсгийг хураахаар буусан Их британий цэргүүдтэй мөргөлдөж, дараа нь 1946 оны нэгдүгээр сард өөрийн хуучин колонид эргэн ирсэн голландчуудын эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн байна. Нидерланд улс Индонезийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж байлаа. Ингээд байлдааны ажиллагаа бүтэн 10 сар үргэлжилсний эцэст Лингаджатын тохиролцоо гэдгийг байгуулж, үүгээр Нидерланд улс Индонезийг Ява, Суматра, Мадура арлыг багтаасан бие даасан, тусгаар тогтносон улс гэдгээр хүлээн зөвшөөрсөн байна.

Гэвч 1947 оны долоодугаар сард Нидерландын цэрэг Ява болон Суматрад дахин халдаж, удаан хугацааны зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, Нидерланд улс Индонезийн ихэнх хэсгийг булаан эзэлмэгц НҮБ-ын оролцоо зайлшгүй хэрэгтэй болж, улмаар 1948 оны нэгдүгээр сард Ренвиллийн энхийн гэрээ гэдэгт гарын үсэг зурснаар Лингаджатын тохиролцооны үндсэн зүй заалтууд сэргэсэн юм. Гэвч Нидерланд улс тохиролцоог зөрчиж, 1948 оны 12 дугаар сард цэргийн ажиллагаагаа сэргээж, нийслэл Жокьякартыг эзэлсэн тул нийслэлийг Букиттини хот руу нүүлгэн шилжүүлсэн байна. Ингээд НҮБ дахин оролцосны дараа талууд яриа хэлэлцээний ширээний ард сууж, 1949 оны арваннэгдүгээр сард Гаагийн дугуй ширээний яриа хэлэлцээний үр дүнд Индонезийн нэгдсэн улс гэх улсыг тунхаглажээ.

Гэхдээ Индонезийн нэгдсэн улс нэг их удаан оршин тогтноогүй, 1950 оны 2-5 дугаар сард ихэнх мужууд богино хугацааны дайн тулаан хийсний эцэст Бүгд найрамдах Индонези улсын бүрэлдэхүүнд эргэн орсон байна. 1950 оны наймдугаар сарын 17-нд Жакарта хотод Бүгд найрамдах Индонези улсыг дахин тунхаглан зарлажээ. Шинээр бий болсон Индонези улс тусгаар тогтнолын төлөөх тэмцэлийн үед бий болсон олон намын зарчим, хууль тогтоох байгууллагын гүйцэтгэх үүргийг эрхэм дээд зорилт болгосон тэр уламжлалыг хадгалж үлдсэн байна. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Сукарно том намуудын шахалтад автаж, Индонезийг парламентын засаглалтай болгох шинэ түр Үндсэн хууль батлахыг зөвшөөрөхөд хүрчээ.

Парламентын засаглалтай орон болсноор Индонезид гүйцэтгэх засаг болон парламент хоорондын зөрчилдөөн улам ихсэж, 1950-иад оны дунд үеэс Сукарно эдийн засаг болон улс орноо социалист хэв маягаар удирдах, ингэснээр ЗХУ-тай ойртох үзэл баримтлах болсноор энэ нь барууны болон мусульман намуудын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарсан. 1957 оны хоёрдугаар сард ерөнхийлөгч болон парламент хоорндох сөргөлдөөнөөс болж улс оронд улстөрийн хямрал нүүрэлж, Сукарно цэргийнхний дэмжлэгтэйгээр парламентын засаглалаас татгалзах тухай “Насак” гэгч номлолыг зарлан нийтэлжээ. Энэ бүгдийн дүнд ерөнхийлөгчийн эрх мэдэл өргөсөн тэлж, харин парламентын эрх мэдэл нарийсаж, хязгаарлагдмал болсон байна.

Нэг жилийн дотор 1945 оны Үндсэн хуулийг сэргээж, Индонези улс нь ерөнхийлөгчийн засаглалтай орон болж, парламентыг тарааж, ерөнхий сайдын албан тушаалыг цуцалсан байна. Ерөнхийлөгч Сукарно шинэ парламентын шинэ бүрэлдэхүүнийг биечлэн баталж, үүнд нь ерөнхийлөгчид ойр намын төлөөлөл оржээ. Сукарногийн эрх мэдэл бэхжих тусам Индонези улс илүү социалист лагерь руу хэлбийж, улмаар өрнөдийн орнуудтай тогтоосон харилцаа нь сэрүүсэж ирсэн. 1960 онд Индонези улс ЗХУ-ын зүгээс цэрэг-техник, улс төрийн дэмжлэг авч, Шинэ Гвиней арлын баруун хэсгийг эрх мэдэлдээ байлгасан Нидерланд улстай сөргөлдөж, эцаст нь энэ газар нутгийг Индонези улсын бүрэлдэхүүнд эргүүлэн авсан байна.

Энэ бүгдээс үзэхэд ерөнхийлөгч Сукарно засгийн эрх барьж байх явцдаа империализмын эсрэг бодлогыг нэлээд дагаж мөрдөж байсан нь илт байгаа юм. Энэ бүгд 1965 оны есдүгээр сард улс төрийн хурц хямралд хүргэж, цэргийхэн төрийн эргэлт хийсэн. Цэргийнхний төрийн эргэлтийг генерал Сухарто тэргүүлсэн, цэргийнхэн ерөнхийлөгч Сукарногоос Коммунист намын үйл ажиллагаанд хориг тавихыг шаардаж, санаандаа хүрч, улс орон даяар Коммунист намыг дэмжигчдийн эсрэг өргөн цар хүрээтэй кампани эхэлсэн байдаг, янз бүрийн мэдээгээр, энэ ажиллагааны үеэр 500 мянгаас 2 сая хүн амь үрэгдсэн.

Цэргийнхэн ерөнхийлөгч Сукарног засгийн эрх мэдлээс зайлуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн: 1966 оны гуравдугаар сард тэрбээр цэргийнхний шахалт дор Сухартод улс оронд аюулгүй байдал, дэг журам тогтоохын тулд бүх төрлийн арга хэмжээ авах эрх олгосон, дараа нь Үндэсний зөвлөлдөх конгресс гэгч Сукарног огцруулж, оронд нь Сухартог ерөнхийлөгчтийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. 1968 оны гуравдугаар сард Үндэсний зөвлөлдөх конгрессийн ээлжит чуулганаар Сухартог Индонезийн ерөнхийлөгчөөр сонгожээ. Ингээд шинэ ерөнхийлөгчийн эмхлэн байгуулсан засгийн газар улс орны салбар бүрт ул суурьтай, өргөн цар хүрээтэй өөрчлөлт хийж эхэлсэн бөгөөд Индонезийн түүхэнд энэ үеийг “Шинэ дэг журам” гэж нэрэлсэн байдаг.

Төрийн бүтэц

Индонези нь ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах улс. Улс орны гол хууль бол 1945 онд баталсан Үндсэн хууль, 1945 оны Үндсэн хуулийг 1950 онд цуцалж, 1959 онд буцаан сэргээсэн байдаг. 1998, 1999, 2001 онд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Мэдээж хэрэг Үндсэн хуулиндаа оруулсан нэмэлт өөрчлөлт дэлхий дахинд багагүй шуугиан тарьсан, жишээлбэл хүний эрхийн төлөө тэмцэгч “Фрийдом Хаус” олон улсын байгууллага Индонези улсыг “эрх чөлөөт” орны тоонд багтааж байлаа.

Гүйцэтгэх засаглал

Ерөнхийлөгч төрийн тэргүүн төгийгүй гүйцэтгэх засаглалын салаа мөчрийн удирдагч байдаг, өнөөдөр Жоко Видодо Индонези улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Түүнд энэ их үүрэг даалгаврыг гүйцэтгэх ажилд нь дэд ерөнхийлөгч Юсуф Калла тусалдаг. Хэрэв ерөнхийлөгч нас барах эсвэл огцрох тохиолдолд дэд ерөнхийлөгч ерөнхийлөгчийн үүргийг гүцэтгэнэ. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаагаар бүх нийтийн шууд санал хураалтаар нууцаар сонгодог, ерөнхийлөгчөөр сонгогдсон нэг хүн нэг удаа улиран сонгогдож болдог, дахин сонгогдох эрхгүй. Ерөнхийлөгч засгийн газрыг эмхлэн байгуулж, тэргүүлж ажилладаг. Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх талаар хуулинд тусгаагүй, үүнийг ерөнхийлөгч өөрөө шийддэг.

Хууль тогтоох засаглал

Хууль тогтоох эрх мэдлийн дээд байгууллага нь Ардын зөвлөлдөх Конгресс. Энэ нь байнгын бус ажиллагаатай ийм бүтэц, 5 жилд нэгээс илүүгүй удаа чуулдаг, хоёр танхимтай. Энэ чуулганаараа Ардын зөвлөлдөх Конгресс ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үйлдэж, ерөнхийлөгчөөс дэвшүүлж буй улс орныг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцэж баталдаг. Ерөнхийлөгч Ардын зөвлөлдөх Конгрессийн өмнө хариуцлага хүлээдэг бөгөөд Конгресс ерөнхийлөгчид итгэх, үл итгэх асуудлаар санал хураалт зохион байгуулах эрхтэй. Ардын зөвлөлдөх Конгрессийн чуулганы завсарлага хооронд хууль тогтоох үүргийг Ардын төлөөлөгчдийн зөвлөл хүлээдэг, энэ зөвлөл нь үндсэндээ нэг танхимтай байнгын үйл ажиллагаатай парламент гэсэн үг юм. Ардын төлөөлөгчдийн зөвлөл хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үүрэг хүлээхээс гадна улсын төсвийг баталж, олон улсын хууль тогтоомжийг батламжлах үүрэг хүлээнэ. Ардын төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүдийг ард нийтийн сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгодог.

Шүүх засаглал

Индонезийн Дээд шүүх шүүх эрх мэдлийн дээд байгууллага, дээд шүүхэд эрүүгийн, иргэний, захиргааны, худалдааны, татварын шүүхүүд хамаарна, мөн давж заалдах шатны шүүх бас Дээд шүүхийн мэдэлд байна. Дээд шүүх 54 шүүгчтэй, Дээд шүүхийн шүүгчдийг Ардын төлөөлөгчдийн зөвлөлөөс санал болгосноор ерөнхийлөгч баталдаг. Индонезид Үндсэн хуулийн шүүх гэж бий, Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуулийг хэрхэн тайлбарлах, шинээр баталж байгаа хууль дүрмүүд Үндсэн хуулинд хэрхэн нийцэж байгаад хяналт тавьдаг, Үндсэн хуулийн шүүгчдийг ерөнхийлөгч баталж томиодог.


Төрийн бэлэг тэмдэг       

Төрийн далбаа 

 

Сүлд

Гадаад бодлого

Индонези улс тусгаар тогтносноосоо хойш гадаад бодлогынхоо гол зарчмаар бие даасан байр суурь, аливаа эвсэл хөдөлгөөнөөс ижил тэнцүү зай барих гэдэг зүйлийг сонгож, дагаж мөрдөж ирсэн. 1950-иад онд Жакарта Үл нэгдэх хөдөлгөөнийг санаачлагчийн нэг байсан төдийгүй өнөөдөр ч гэсэн уг хөдөлгөөний идэвхтэй гишүүний нэг байсаар байна. Хэрвээ ерөнхийлөгч Сукарногийн засаг барих үед Индонези улс ЗХУ болон социалист орнуудтай ойртох бодплого баримталж байсан бол 1965 оноос хойш өрнөдийн түншүүдтэйгээ улс төр, эдийн засгийн харилцаа холбоог иж бүрэн бэхжүүлэх чиг баримтлах болсон. 1960-аад оны дунд үеэс Индонези улс бүс нутгийн орнуудтайгаа хамтын ажиллагааг бэхжүүлэх бодлогыг тууштай баримтлах болсон байна.

Тухайлбал 1967 онд Индонези улсын идэвх санаачлагаар Зүүн өмнөд азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ыг үүсгэн байгуулсан, тэр цагаас хойш Индонези улс энэ бүлгийн албан бус тэргүүлэгч болж ирсэн. Мөн Ази-Номхон далайн бүс нутагт Жакартын оролцоо маш их бий. Өнөөгийн байдлаар Индонези улсын өмнөө тавьж байгаа гол зорилтын нэг бол улс орныхоо нийгэм-эдийн засгийн хөгжлийн гадаад боломжийг бүрдүүлэх, дэлхийн үзэл баримтлалыг олон туйлт болгоход чиглэж байна. Цөмйин зэвсэг үл дэлгэрүүлэх, бүс нутгийн мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах үйл хэрэгт Индонези улс тууштай байр суурь баримталж байгаагийн хажуугаар 1989-1991 оны Камбожийн дотоод мөргөлдөөнийг зохицуулахүйл хэрэгт зуучлагчийн хувьд оролцож, 2011 оны Камбож, Тайланд хоородын хилийн маргаанд энхийг сахиулах санал санаачлага дэвшүүлж оролцсон ийм улс юм. 1960-аад оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт идэвхтэй оролцож байгаа.

Хорьдугаар зууны сүүлээс Индонези улс цаг уурын өөрчлөлт, терроризмын эсрэг тэмцэх үйл хэрэгт маш идэвхтэй оролцож ирсэн. Сүүлийн хэдэн арван жилд Индонезийн хилийн чанад дахь гол түншүүд нь АНУ, Япон, АСЕАН-ны гишүүн орнууд, Европын холбооны гишүүн орнууд байж ирлээ. 1990 оны сүүлээс Индонези улс ОХУ-тай харилцаа холбоогоо сэргээх, бэхжүүлэх тал дээр чармайн ажиллаж байна, 2003 онд Мегавати Сукарнопутри Москвад айлчилсан бол 2006 онд Юдойоно, харин 2007 онд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Жакартад айлчилсан.

Дотоод аюулгүй байдлын асуудал

Индонезийн засгийн газар болон хүчний байгууллагын удирдагчдын үзэж байгаагаар, дотоод шинж чанартай мөргөлдөөнүүд улс орны үндэсний аюулгүй байдалд гол заналхийлэгч хүчин гэнэ. Эдгээрийн нэг нь үндэстэн хоорондын, шашин хоорондын зөрчил бөгөөд энэ бүгдээс үүдэлтэй терроризм, хэт даврах үзэл юм. 1970-1990-ээд онд улс орны нийгэм-эдийн засгийн өсөлт тогтворжиж ирсэн ч ерөнхийлөгч Сухартогийн эрх мэдэл ганхаж, улмаар улс орны байдал тогтворгүй болж, улс оронд эдийн засгийн хүндхэн хямрал нүүрэлсэн юм. Эрх баригчдын бодлогод дургуйцсан ард иргэд эсэргүүцлээ маш ихээр илэрхийлэх болсоны нэг нь 1998 оны тавдугаар сард Жакарта хотод үндэсний цөөнх хятадуудын цус асгаруулсан эмх замбараагүй байдал байлаа.

Дараагийн хэрэг явдал улс орны хойд хэсэгт Суматра, Сулавеси, Молуккад оршин суудаг мусульман болон христийн шашинтнуудын том том омог хоорондын мөргөлдөөн, энд хэдэн жилийн турш цус асгаруулсан аллага хядлага үргэлжилж, үүний дүнд хэт даврах, алан хядах исламын чиг хандлагатай бүлгүүд бий болсон. Үүний нэг нь “Жемаа Исламия” гэдэг бүлэг, энэ бүлэг алан хядагч “Аль-Каида” бүлэгтэй холбоо тогтоож, Индонезийн мужууд төдийгүй Зүүн өмнөд азийн улс орнуудад өөрийн гэсэн салбараа байгуулсан.

“Жемаа Исламия” бүлгийн үйлдсэн томоохон халдлагууд гэвэл: 2002 оны 10 дугаар сард Балт аралд үйлдсэн дэлбэрэлт, 202 хүн амь үрэгдсэн, 2005 оны 10 дугаар  сард бас л Бали аралд үйлдсэн дэлбэрэлт, дор хаяж 20-иод хүн амь үрэгдсэн, 2003 оны наймдугаар сард Марриот зочид буудлын дэргэд үйлдсэн дэлбэрэлт, 12 хүн амь үрэгдсэн, 2004 оны есдүгээр сард Жакарта хотод Австралийн элчин сайдын яамны дэргэд үйлдсэн дэлбэрэлт, 10-аад хүн амь үрэгдсэн. 2000 оны дундуур эрх баригчид исламын нууц бүлгүүдэд ноцтой цохилт өгсөн, ингэхдээ тэд бүлгүүдийн толгойлогчдын устгасан, мөн омог хоорондын хүчирхийллийг мэдэгдэхүйц багасгаж чадсан юм. Гэсэн хэдий ч терроризмын аюул занал өндөр түвшинд байсаар байгаа бөгөөд олон үндэстэн ард иргэд оршин суудаг энэ улсад терроризмтай холбоотой нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Газар зүйн байрлал

Индонезийн газар нутаг 1 919 440 шоо/км. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 4-т, Зүүн өмнөд азид 1-д ордог. Экваторыг дамнан байрладаг Малайн бүлэг арал болон Шинэ Гвинейн арлын баруун хэсгийг эзэлдэг, Номхон далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлүүлсэн Индонези улс дэлхийн хамгийн том арлын улс юм. Индонезийн бүрэлдэхүүнд 17 мянга 508 арал ордог бөгөөд үүний 6 мянга орчим нь хүн оршин суудаг арлууд юм. Хамгийн том хэмжээний аралд Ява, Суматра, Сулавеси, Калимантан арал орно. Индонези улс Калимантан арал дээр Малайз улстай, Шинэ Гвиней арал дээр Папуа-Штинэ Гвиней улстай, Тимор арал дээр Зүүн Тимор улстай хуурай газраар хилэлдэг. Мөн Сингапур, Филиппин, Австрали, Энэтхэгтэй усаар хилэлдэг.

Ашигт малтмал

Индонези улс янз бүрийн ашигт малтмалаар баялаг. Суматра, Ява, Калимантан, Сулавеси, Серам арал болон ер нь л бараг бусад бүх бүс нутагт нефтийн нөөц илэрсэн, арлуудын ойрхи далайн эрэгт ч гэсэн нефтийн нөөц илэрсэн. Суматрагийн хойд, Калимантаны зүүн хэсэгт байгалийн хийн нөөцтэй, байгалийн хийн хамгийн том орд нь Яваны тэнгис дэх Натуна Альфа орд газар юм. Байгалийн хийн илрүүлсэн нөөц нь тус улсад 50 жил хүрэлцээтэй гэсэн тооцоо бий. Мөн нүүрсний орд газрууд бий, дээрээс нь төмрийн хүдэр, марганц, хөнгөн цагаан, тугалганы ордууд ч бий.

Уур амьсгал

Уур амьсгалын хувьд Индонезийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт экваторын, чийглэг, зарим газар хуурай уур амьсгалтай байж болох талтай. Нам дор газруудад агаарын сарын дундаж температур +26 градус, зарим улиралд дээш доош 3 градусаар хэлбэлздэг. Уулархаг газраар далайн түвшнээс дээшлэх тусам агаарын температур багасдаг, зарим газар тухайлбал далайн түвшнээс дээш 1 мянга 500 метрт хяруу унах талтай. Чийгний хувьд дунджаар 80-аас дээш хувь, хур тундасны жилийн хэмжээ нам дор газарт 1800-3200 мм, зарим уулархаг газарт 6100 мм хүрдэг. Индонезийн ихэнх нутагт 11-ээс 4-р сар хүртэл үргэлжлэх борооны, 4-өөс 11-р сар хүртэл үргэлжлэх хуурай гэсэн хоёр улирал хосолдог. Хуурай улирлын үед хур тундас нэг бол огт ордоггүй эсвэл ордог ч гэлээ маш бага, борооны улиралд ихэвчлэн аянга цахилгаантай аадар бороо, тэгэхдээ бүр маш их усархаг бороо ордог.

Амьтны ертөнц

Индонези улс нь дэлхийн бусад орнуудыг бодвол амьтны аймгийн хувьд олон төрөлт. Дэлхий дээр амьдардаг бараг бүх төрлийн амьтадыг Индонезид харж болдог, 21-р зууны эхээр энэ улсад 515 төрлийн хөхтөн, 1531 төрлийн шувуу, 122 төрлийн эрвээхэй, 600-аад төрлийн хэвлээр явагч, 270 гаруй төрлийн газар, уснаа явагч бүртгэгдсэн байна. Гэхдээ энд сүүлийн үед 140-өөд төрлийн хэвлээр явагч устаж үгүй болох аюул нүүрэлсэн тухай Олон улсын байгаль хамгаалах холбоо мэдэгдэж байна.

Хүн ам

2010 оны 4-өөс 5-р сард явуулсан бүх нийтийн хүн амын тооллогын дүнгээр Индонезийн хүн ам 237 сая 556 мянга 363 гэсэн байна. Гэхдээ тус улсын хүн ам маш хурдан өсөж байгаагаас үүдээд 2011 оны 7-р сард дахин тооллого явуулахад 245 сая 613 мянга 43 хүрч өссөн байжээ. Ийнхүү Индонези улс хүн амынхаа тоогоор дэлхийд 4-т орж байна. Хүн амын тархац, нягтралын хувьд харьцангуй адилгүй, албан ёсны мэдээгээр, 1 шоо/км газар нутагт 124 хүн оршин суудаг байна. Индонезчүүдийн 57,5 хувь нь Ява арал дээр  амьдардаг, ингэснээр тус арал дэлхий дээрх хамгийн их хүн оршин суудаг бүс нутаг болоод байгаа.

Индонезийн эрх баригчид хүн амын тархацыг ижил тэнцүү болгохын тулд 1950-иад оноос трансмиграци буюу хүн ам шигүү оршин суудаг газар нутгийн оршин суугчдыг хүн ам арай сийрэг оршин суудаг газарт нүүлгэн шилжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Энэ бол Ява, Мадура, Бали арлын оршин суугчдыг Калимантан, Шинэ Гвиней, Молукки арал руу шилжүүлэх ийм хөтөлбөр юм, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд 2000 оны эхэн үе гэхэд 5,5 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Нийт хүн амын 44 - хувь-ийг хотын оршин суугчид эзэлдэг, 2010 оны байдлаар 11 хот 1 сая гаруй хүн амтай, харин нийслэл Жакарта хотод 9 сая 607 мянга 787 хүн оршин суудаг байна.

Эдийн засаг, санхүү

Индонези улс нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл хосолсон улс. Үндэснйи өрсөлдөх чадамжийн хувьд 2010 онд дэлхийд 44-т орж байсан. Хөгжиж байгаа орнууд дотор эдийн засгийн хэтийн хөгжилтэй орон гэдэг ангилалд багтдаг. 2014 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 2,676 их наяд долларт хүрч, дэхийд 9, Зүүн өмнөд азид 1-д орж байна. Эдийн засгийн өсөлтийн хурдац 5 орчим хувь бөгөөд дэлхийд 51-д ордог. 2014 оны байдлаар төсвийн орлого 134,7 тэрбум доллар, зарлага 155,2 тэрбум доллар, төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2,4 хувь. Индонезийн төв банк мөнгө санхүүгийн бодлогыг хэрэгжүүлдэг, 2011 оны дүнд инфляци 5,4 хувь байсан, дэлхийд 140-р байранд орсон.

2011 оны байдлаар Индонезийн алт, валютын нөөц 122,7 тэрбум долар. Зах зээлийн шинжтэй эдийн засагт төр маш идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг, эдийн засгийн янз бүрийн салбарын 140-өөд томоохон үйлдвэрийн газрууд улсын мэдэлд байна, мөн төр зарим бараа бүтээгдэхүүн, үүний дотор хоол хүнс, шатах тослох материалын үнэнд хяналт тавьдаг. 2014 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх аж үйлдвэрлэлийн хувь хэмжээ 45,5 хувь, үйлчилгээний салбар 40,3 хувь, хөдөө аж ахуй 14,2 хувь байна. Нийт хүн амын 13,2 хувь нь аж үйлдвэрлэлд, 38,9 хувь нь хөдөө аж ахуйд, үйлчилгээний салбарт 47,9 хувь ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэх чадамжтай хүн амын тоо 124 сая 300 мянга, үүгээрээ Индонези улс дэлхийд 5-д ордог.

Ажилгүйдлийн түвшин 6,1 хувь, энэ үзүүлэлтээр дэлхийд 58-д бичигдэж байна. Баян ядуугийн ялгаа мэдэгдэхүйц ажиглагддаг, баячуудын ашиг орлого ядуусын ашиг орлогоос 11 дахин их байдаг. Нийт хүн амын 13 хувь нь ядуурлын доод түвшнээс доогуур амьдардаг. Эдийн засагт нөлөөлж байгаа гол асуудал бол авилга, хээл хахууль, энэ үзүүлэлтээр Индонези улс 200-ын эхээр бичигдэж байгаа. 2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн гүн хямралыг Индонези улс бас чгайгүй гэж хэлж болохоор давж туулсан, тус улсын макроэдийн засгийн гол гол үзүүлэлтүүд бага зэрэг буурснаар давсан, тэгээд Индонези улс маш богино хугацаанд хямралын өмнөх байдалдаа эргэн орсон.

Аж үйлдвэр

2014 оны байдлаар аж үйлдвэрын салбарын Дотоодын нийт бөүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 45,5 хувь, үүний гуравны хоёрыг боловсруулах салбарт оногддог. Ингэхдээ аж үйлдвэрт ажилладаг хүний эзлэх хувь хэмжээ маш бага, хөдөлмөрийн чадамжтай хүн амын дөнгөж 13 хувь нь л аж үйлдвэрт ажилладаг. Өсөлтийн хурдац эдийн засгийн хурдацаас доогуур, 2014 оны байдлаар дөнгөж 4,9 хувь байгаа юм. 2009 онд боловсруулах салбарт ажилладаг 25 мянга гаруй том болон дунд үйлдвэр, 3,2 сая гаруй жижиг үйлдвэр, гэрийн аж ахуйнууд бүртгэгджээ. Эдийн засагт хүнсний үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, оёдолын үйлдвэрлэл, тамхины үйлдвэрлэл, машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, аьомашины үйлдвэрлэл, цаасны үйлдвэрлэл, бэлэн хувцасны үйлдвэрлэл голлох байр суурийг эзэлдэг. Олборлох үйлдвэрлэлд үндэсний хэмжээний компаниуд оролцдог бөгөөд эдгээрийн ихэнх нь улсын мэдлийн, мөн барууны түүхий эдийн үйлдвэрүүд байдаг. Үндэсний хэмжээний том компаний нэг нь нефть олборлох, боловсруулах ажил эрхэлдэг “Пертамина” компани юм. Энэ компани өдөрт 1,02 сая баррель нефть, жилд 85,7 тэрбум куб/метр байгалийн хий олборлодог. Мөн бусад ашигт малтмалыг аж үйлдвэрийн хэмжээнд олборлодог.

Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуй бол Индонези улсын орон нутгийн эдийн засгийн суурь салбарын нэг, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ нь 14 хувь ч гэлээ нийт хүн амын 38 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Хөдөө аж ахуйн салбарын гол цөм нь газар тариалан, нийт газар нутгийн 13 орчим хувьд нь газар тариалан эрхэлдэг, тариалангийн талбайгаар Индонези улс дэлхийд 7-д ордог. Индонези улс 2009 онд 64,4 сая тонн цагаан будаа хураан авч, дэлхийд 3-т орсон, 16,9 сая тонн эрдэнэ шиш хураан авч дэлхийд 4-т орсон, 6,3 сая тонн гадил хураан авч, дэлхийд 6-д орсон, 181 мянган тонн тамхи хураан авч, дэлхийд 6-д орсон, 160 мянган тонн цаны навч хураан авч, дэлхийд 7-д орсон, 80 мянган тонн перец хураан авч, дэлхийд 2-т орж байсан байна.

Мал аж ахуй энд нэг их хөгжөөгүй, 2010 оны байдлаар үхэр 15,23 сая толгой, үүний 13,5 сая нь махны чиглэлээр үржүүлсэн үхэр бол 0,53 сая нь сүүний чиглэлийн. 2008 оны байдлаар 15,8 сая ямаа, 10,3 сая хонь, 5,5 сая гахай тоологджээ. Гэхдээ гахайг ихэвчлэн мусулман бус шашинтай иргэд үржүүлдэг. Гэрийн тэжээвэр амьтны хувьд тахиа, 2008 оны байдлаар 68 сая өндөглөгч тахиа тоологдсон байна, 2008 онд 1 сая тонн өндөг үйлдвэрлэжээ. Загас агнуур тус улсын түүхэнд чухал байр суурь эзэлдэг, 2009 онд л гэхэд Индонези улс 5,1 сая гаруй тонн загас болон далайн бүтээгдэхүүн агнаж, дэлхийд 3-т орсон байх жишээтэй. Модны аж хуйн эдийн засгийн чухал салбарын нэг, 2009 онд тус улсад 98,7 сая куб/метр мод бэлтгэж, дэхийд 8-д орсон байна. Индонези улсад модыг хууль бусаар унагах явдал сүүлийн үед газар авч, анхаарал хандуулах асуудлын нэг болоод байна.

Худалдааны салбар  

2010 оны байдлаар дотоодын худалдааны хэмжээ 50 тэрбум гаруй долларт хүрсэн байна, энэ бол Дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувь гэсэн үг юм. 2,5 сая гаруй худалдаанйы цэг байдаг, үүгээрээ тус улс дэлхийд Энэтхэгийн араас 2-т ордог. Гэхдээ хүн амынхаа нягтралаас шалтгаалаад худалдааны сүлжээний идэвхжил харьцангуй өөр өөр байдаг. Тухайлбал худалдааны цэгүүдийн 57 хувь нь Ява аралд, 22 хувь нь суматра аралд, 21 хувь нь бусад бүс нутагт байдаг байна. Хэрвээ томоохон хотуудад орчин үеийн худалдааны цэгүүд маш их байдаг бол жигэвтэр суурин газруудад жижигхэн мухлаг, бараан захууд худалдаа наймаа эрхэлдэг байна.

Индонезид үйл ажиллагаа явуулдаг 18 мянга 152 худалдааны цэг орчин үеийн гэх ангилалд хамаардаг, үүний 154 нь гипермаркет ангилалд, 2 мянга орочим нь супермаркет ангилалд, бусад нь минимаркет ангилалд ахмаардаг байна. 1990-2000 онд улс орон даяар орчин үеийн худалдааны газруудын тоо эрс өсөхийн хажуугаар уламжлалт гэдэг худалдааны цэгүүд цөөрч иржээ. Хэрвээ 2010 оныг 2009 онтой харьцуулахад улс орон даяар худалдааны цэгүүдийн тоо 1,3 хувь-иар цөөрсөн байхад орчин үеийн дэлгүүрийн тоо эсэргээр 38 хувь-иар өссөн байх жишээтэй. Ямар ч байсан Индонезийн мэргэжлийн байгууллагууд худалдааны салбарын дэд бүтэц болон технологийн хөгжил хангалтгүй хэмээн дүгнэжээ.

Аялал жуулчлал

Индонезийн эрх баригчид улс орондоо аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тал дээр маш их анхаарч байна. Энд юуны өмнө эдийн засгийн хувьд ашигтай гэгддэг гадаадын жуулчдыг татахад маш их анхаарал хандуулж байна. 1980-аад онд зочид буудлын орны тоог нэмэгдүүлэх тал дээр багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан, мөн үндэсний хэмжээний жуулчлалын барилга байгууламжийг таниулах ажилд хүч чармайлт тавьсан байдаг. Мэдээж хэрэг энд түүх, соёлын дурсгалт газрууд, мөн байгалийн өвөрмөц онцлогтой газруудыг гадны зочдод таниулах ажилд багагүй хөрөнгө зарсан байгаа. 2012 онд л гэхэд Индонезид ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн 8 байгууламж байсан.

Энэ тоогоор тус улс Зүүн өмнөд азид тэргүүн байранд явдаг. Гэхдээ 1990-ээс 2000 он хүртэл үргэлжилсэн нийгэм-эдийн засгийн хямрал, улстөрийн донсолгоон, үндэстэн хоорондын хүзчирхийлэл шатлан өргөжсөн, терроризм өсөн нэмэгдсэн зэрэг нь эрх бөаригчдаас авч байгаа аялал жуулчлалын салбарыг өөд нь татах гэсэн арга хэмжээнүүдийн үр дүнг мэдэгдэхүйц бууруулсан. Зөвхөн 2007 оноос л улс оронд ирж байгаа жуулчдын тоо тогтворжих хандлага ажиглагдсан ч төсмөвт орж байгаа орлогын хэмжээ мэдэгдэхүйцээр өсөхгүй байгаа. Индонезид ирж байгаа гадны жуулчдын ихэнх хэсгийг Сингапур, Малайзи, Австрали, Хятадаас ирдэг жуулчид эзэлдэг, тухайлбал 2010 онд Сингапураас 1,37 сая хүн, Малайзаас 1,28 сая хүн, Австралиас 0,77 сая хүн, Хятадаас 0,47 сая хүн, Японоос 0,42 сая хүн ирсэн байна.

Эрчим хүч

Индонезийн нийт хүн амын 65 хувь нь л цахилгаан эрчим хүчээр хангагдсан, улс орны цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг өөрийн үйлдвэрлэсэн эрчим хүчээр хангаж ирсэн, энд цахилгаан эрчим хүчний экспорт, импорт гэх ойлголт байдаггүй. 2009 онд Индонези улс 142,2 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, дэлхийд энэ үзүүлэлтээр 24-т орсон байдаг. Эрчим хүчний хэрэглээ нь 127,2 тэрбум кВт/цаг, дэлхийд 26-д ордог. Эрчим хүчийг тээвэрлэх, хуваарилах явцад гарсан алдагдал 15 тэрбум гаруй кВт/цаг. Эрчим хүчний нийт хэрэглээний 40,5 хувь-ийг барилга болон аж үйлдвэрийн салбар зарцуулдаг бол 39,3 хувь-ийг хүн амын ахуйн хэрэглээ, үлдэснийг нь хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбар зарцуулдаг байна.

Цахилгаан хангамжид төрийн мэдлийн Цахилгаан эрчим хүчний улсын компани монополи. Цахтлгаан эрчим хүчний 87,2 хувь-ийг дулааны цахилгаан станцууд боловсруулдаг бол үүний 44,9 хувь нь нүүрс түлдэг станц, 26,5 хувь нь нефть, 15,8 хувь нь байгалийн хий түлдэг цахилгаан станц, усан цахилгаан станцын эзлэх хувь 7,9 хувь байна. Мөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг станцууд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 4,9 хувь-ийг эзлэж байна. 2006 онд Индонези улс атомын эрчим хүч хэрэглэх тухай шийдвэр гаргасан, засгийн газрын хөтөлбөрөөс үзэхэд тус улс 2025 он гэхэд 4ГВт хүчин чадалтай атомын 4 цахилгаан станц барихаар төлөвлөжээ.

Гадаад худалдаа, гадны хөрөнгө оруулалт

2010 онд гадаад худалдааны хэмжээ 285,3 тэрбум долларт хүрсэн. Экспортын хэмжээ 158,2 тэрбум доллар, Импорт 127,1 тэрбум долларт хүрсэн. Энэ хоёр үзүүлэлтээр тус улс дэлхийд 30-д орсон байна. Экспортын гол бүтээгдэхүүн нь байгалийн хий, нефть, цахилгаан тоног төхөөрөмж, оёдол, мод, фанеран хавтан, каучук байдаг бол импортын гол бүтээгдэхүүн нь машин, тоног төхөөрөмж, нефть, химийн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, нефть боловсруулах үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн байдаг. 2000 оны дунд үеэс хойш импортлож байгаа нефтийн хэмжээ экспортлож байгаагаас давах болсон, ингэснээр Индонези улс 2008 онд Нефть экспортлогч байгуулага ОПЕК-ээс гарсан.

2010 оны байдлаар Индонезийн экспортын гол хэрэглэгч нь Япон 15,9 хувь, Хятад 9,9 хувь, АНУ 9,3 хувь, Сингапур 8,8 хувь, Өмнөд солонгос 7 хувь, Энэтхэг 6,4 хувь, Малайзи 5,8 хувь, байгаа юм. Импортын ихэнх нь Сингапураас 16,1 хувь, Хятадаас 14,5 хувь, Японоос 10,2 хувь, АНУ-аас 7,3 хувь, Малайзаас 5,8 хувь, Өмнөд солонгосоос 4,9 хувь, Тайландаас 4,8 хувь орж ирдэг. Мөн 2010 оны байдлаар Индонезийн эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувь 85,6 тэрбум долларт хүрчээ. Үүгээрээ тус улс дэлхийд 38-т орж байна. Индонезийн хөрөнгө оруулагчид хилийн чанадад 33 тэрбум гаруй доллар байршуулжээ.

Индонезид усан тээвэр, авто тээвэр, төмөр замын тээвэр, агаарын тээвэр, бусад төрлийн тээвэрсайн хөгжсөн, тэр дотроо усан замын тээвэр арай илүү хөгжсөн байдаг.

Харилцаа холбоо

Индонезид хүн амыг харилцаа холбоогоор хангах тал дээр хөгжиж байгаа орнууд дунд хамгийн доогуур түвшинд байдаг. Гэхдээ 2000 оноос хойш энэ тал дээр багагүй ахиц дэвшил гарсан, тэр дотор хүн амыг утсан холбоогоор хангах тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан. Нийт хүн амын 90 орчим хувь нь гар утасны сүлжээ ямар нэг хэмжээгээр барьдаг газар оршин суудаг, Индонезийн утасны код: +62. Хүн амын дунд Интернет ашиглах явдал сүүлийн үед эрс нэмэгдэж байна. 2000 онд нийт хүн амын дөнгөж 1 хувь нь л Интернет ашиглаж байсан бол 2007 онд энэ үзүүлэлт 8,9 хувь-д, 2009 онд 16,1 хувь-д хүрсэн байгаа. Шилэн кабелийн хурдан Интернетын хүртээмж хязгаарлагдмал байгаа ч бага ч гэсэн өсөж байна.

Боловсрол

Индонези улс Дотоодын нитй бүтээгдэхүүнийхээ 2,8 хувь-ийг Боловсролд зарцуулдаг. 2009 оны байдлаар 15-аас дээш насны хүн амын 94,7 хувь нь бичиг үсэг мэддэг, бичиг үсэг үл мэдэгчдийн тоо маш хурдан буурч байна, 2006-2009 он хүртэл бараг гуравны нэг дахин буурсан байх жишээтэй. Бичиг үсэг үл мэдэгчдийн дийлэнхийг хөдөө орон нутаг оршин суудаг эмэгтэйчүүд эзэлдэг, эрх баригчид 2015 он гэхэд бичиг үсэг үл мэдэх явдлыг ор үндэсгүй арилгахаар зорьж байна.

Индонезид 50 сая гаруй хүүхэд сургуульд сурдаг, энэ үзүлэлтээр тус улс дэлхийд 3-т орж байна. Сургуулийн боловсролын үндэсний систем 3 шатлалтай: бага сургууль 1-6 дугаар анги, 7-12 насны хүүхдүүд хамрагдана, нэгдүгээр шатны дунд сургууль 7-9 дүгээр анги, 13-15 насны хүүхдүүд хамрагдана, хоёрдугаар шатны дунд сургууль 10-12 анги, 16-18 насны хүүхдүүд хамрагдана. Мөн улсын, хувийн сургуулиудаас гадна шашны сургуулиуд бас бий, тэд улсын сургуулийн адил 3 шатлалтай. Үүнээс гадна техникумыг хоёрдугаар шатны дунд сургуультай адилтган үздэг байна.

Хүүхэд заавал 9 жил сургуульд сурсан байх ёстой, 7-12 насны нийт хүүхдийн 95,1 хувь нь сургуульд сурдаг бол 13-15 насны хүүхдийн 92,5 хувь нь нэгдүгээр шатны сургуульд суралцдаг, харин 16-18 насны хүүхдийн 71,6 хувь нь хоёрдугаар шатны дунд сургуульд сурдаг байна. 4,8 сая хүн их, дээд сургуульд сурдаг байна. 2011 оны байдлаар Индонези улсад улсын 83, хувийн 3 мянга гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна.          


Сукарно /Индонезийн анхны ерөнхийлөгч/

 

Сухарто /1968-98 онд Индонезийн ерөнхийлөгч байсан хүн/

 

Сусило Бамбанг Юдойоно /2004-2014 оны ерөнхийлөгч/

 

Жакартын Эрх чөлөөний ордон Ерөнхийлөгчийн өргөө

 

2002 оны аравдугаар сарын 12-нд Бали аралд үйлдсэн алан хядах ажиллагаагаар амь насаа алдагчдыг дурсах цогцолбор

 

Нийслэл Жакарта хот

Нийтэлсэн: Т.Цогтоо

Индонези улс ба АСЕМ  
Үзсэн: 9902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-19 16:04
маш мундаг тоймложээ

Бидэнтэй нэгдээрэй