
Удахгүй “Миний ертөнц” нэр тоглолтоо хийх гэж байгаа Монгол Улсын Үндэсний их театрын гоцлол бүжигчин МУСТА М.Бямбааг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Тун удахгүй бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолтын талаар яриагаа эхэлье?
-Тавдугаар сарын 11-ны өдөр Үндэсний урлагийн их театрын Ц. Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчин хүний хувьд бие даасан анхны уран бүтээлийн тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Их театртаа ажиллаад 21 жил болж байгаа. Иймээс үзэгч олныгоо “Миний ертөнц” нэртэй бүжгийн ертөнцөөр аялуулахаар бэлтгэлээ хангаад ажиллаж байна.
-Бүжигчид бие даасан тоглолт хийх нь ховор байдаг. Энэ тоглолт ямар онцлогтой болох бэ?
-Бүжгийн урлагаар бие даасан тоглолт хийсэн тохиолдол нэлээд ховор байдаг. Манай Үндэсний урлагийн их театрын 75 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн хүрээнд тавдугаар сарын 9-нд манай дуучдын тоглолт болно. Мөн тавдугаар сарын 10-нд Хуучир хөгжимчин Отгоо эгчийн тоглолт болно. Үүний дараа буюу тавдугаар сарын 11-нд “Миний ертөнц” тоглолт болж байгаа.
Манай Үндэсний урлагийн их театр маань язгуур урлаг, өв соёл, монгол гэсэн бүх зүйлийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилготой. “Миний ертөнц” тоглолтоор монголынхоо өв соёл болсон бүжгийн урлагийнхаа бүх зүйлийг харуулна. Миний тоглолтод Үндэсний урлагийн их театрын Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.
Ерөнхийдөө амьсгаа авах завдалгүй бүх төрлийн бүжиг болон бүжгийн цоморлог бүжиглэнэ. Үзэгчдийг уйдааж, залхаахгүйгээр тоглолтоо хийхээр зорьж байна. Өөр олон сонирхолтой зүйл хийгдэнэ. Үүнийгээ нууц хэвээр нь үлдээж байна. Үзэгчид ирж үзээд сэтгэгдлээ хэлээрэй.
-Тоглолтын нэр содон санагдаж байна. Яагаад Миний ертөнц гэж нэрлэсэн бэ?
-Ямар нэгэн зүйлд нэр өгөхөд хэцүү байдаг юм байна лээ. Манай Эрхэмсэг" бүжгийн хамтлаг Бүжиг дэглээч, хамтлагийн ахлагч, гоцлол бүжигчин МУСТА. С.Цэцгээ “Миний ертөнц” гэдэг нэрийг хэлж өгсөн. Миний хувьд бүжгийн урлагт 20 жил зүтгэсэн. Мөн хэд хэдэн кино тоглосон. Багийнхаа мөрөөдлийг биелүүлж хэдэн дуу гаргасан. Дуу бүжиг, жүжиг гээд урлагийн олон жанрыг харуулах учраас миний ертөнц нэрлэсэн.
Бүжгийн ертөнц харагдаж байгаа шигээ амархан зүйл биш гэдгийг ойлгуулахыг зорьж “Миний ертөнц” гэдэг нэртэй дуугаа дуулж клип хийсэн. Бүжгийн урлаг тамирчидтай адилхан биеийн хүчний бүх зүйлийг хийж, байнгын бэлтгэлтэй байхыг шаарддаг. Бэртэл гэмтэл авч хагалгаанд орох зэрэг асуудлууд ч байдаг. Зовлон тоочих юм бол зөндөө бий. Бид нар зовлон тоочихыг хүсдэггүй. Бүжгийн урлаг хатуу залуу насны урлаг учраас богинохон хугацаанд урлагийн хүнээс гарч болох бүх зүйлийг гаргаж байдаг юм.
-Бүжгийн урлаг 20 гаруй жил ажиллаж байгаа. Хэдэн настайгаас бүжгийн урлагаар хичээллэж эхэлсэн бэ?
-Хөгжим бүжгийн коллежид 1999 онд элсэж ороод 2004 онд Ардын бүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн. 2004 онд МУИС-ийн урлаг судлаач багшийн мэргэжлээр суралцаж төгссөн. Хүүхэд байхдаа дүүрэг дүүргийн бүжгийн уралдаан, хоор дууны тэмцээн уралдаанд их оролцож байсан. Урлагт их дуртай, бүжигчийн болох мөрөөдөлтэй байсан.
Мөрөөдлийнхөө төлөө зогсошгүй зүтгэж явна. Бүжигчин хүн суралцаж дуусдаггүй. Урлагийн салбарт 20 жил бүжиглэсэн гэсэн чадахгүй мэдэхгүй зүйл зөндөө байна. Хүн өөрөө болчихсон гэж ханаж болдоггүй, үргэлж суралцаж байх ёстой. Чадахгүй зүйл зөндөө байна. /Инээв/
-Үндэсний бүжиг гэж дагнахгүйгээр бүх төрлийн бүжгээр хичээллэж байна уу. Эсвэл дагнаж бүжиглэж байна уу?
-Манай үндэсний урлагийн их театрын Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын гол үндсэн чиглэл нь ардын жүжгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Харин мэргэжлийн бүжигчид бүх төрлийн бүжгийг хийх чадвартай байх ёстой. Манай бүжигчид бүх төрлийн бүжгийг бүжиглэж чаддаг.
-Монгол бүжгийн сайхан юундаа байдаг бэ?
-Монгол бүжиг дэлхийд ганцхан байдаг. Ахуй соёлоос үүсэлтэй язгуур бие биелгээ тайзны хэлбэрт орж, улам мэргэжлийн түвшинд сонгодог суурьтай болсон. Монгол бүжгийг монгол хүнээс өөр хийж чаддаггүй. Харин монгол хүмүүс үндэсний бүжгээ төгс хийдэг. Дэлхийд ганцхан байгаа урлаг юм.
-Олон орноор тоглолтоо хийдэг байх. Орон орны үзэгчид хэрхэн хүлээж авдаг бэ?
-Бид 2023 онд Английн Лондонд Монгол хаан жүжгийг тоглож байхад дэлхийн урлаг судлаач шүүмжлэгчид Монгол бүжигчдийг дэлхийн түвшинд хүрсэн байна гэдгийг хэлж байсан. Энэ нь бидний хувьд маш том урам зориг өгсөн. Гадны орны тайз дээр бүжиглэхэд үзэгчиддээ огшоож чаддаг. Бүх үзэгчдийг суудлаас босгож, алаг ташуулахад мэдрэмж үнэхээр гоё байдаг. Бүжигчин болсон хүний хувьд хамгийн дүүрэн байлгадаг зүйл бол алаг ташилт юм.
-Үзэгчид үндэсний урлагаа нэлээд сонирхож, үндэсний урлагаар бахардаг болсон. Үүнийг дэвшилт гэж хэлж болно биз дээ?
-Нэг үеэ бодвол үндэсний өв соёл, түүх, язгуур соёл, уртын дуу, морин хуур, ардын бүжиг бие биелгээ маш сайн сонирхдог болсон байна. Бага насны хүүхэд залуучууд ч их хичээллэдэг болсон. Манай театр өнгөрсөн гуравдугаар сард 21-22-нд Хөдөлмөрийн баатар төрийн сонирхол Сүхбаатар багшийн дэглэж, найруулсан "Монгол угсаатан мину" гэдэг тоглолт болсон. Энэ тоглолтын хоёр өдөр бүх билет нь дуусаж, дахин сунгаж тоглосон. Үүнээс харахад хүмүүс үндэсний урлагаа маш их үзэж сонирхдог болж байна. Монгол хүний үнэт соёл гэдгийг ойлгодог болжээ.
-Та сая бүжгийн урлаг хатуу гэж байна. Шантарч байсан үе бий юу?
-Миний хувьд багаасаа бүжигчин болно гэж мөрөөдөж байсан учраас шантралыг даван туулах хүчтэй байгаа. Гэхдээ хүний амьдрал болсон хойно жаргал зовлон ар гэрт асуудал гарах тохиолдол олон байдаг. Энэ үед бүжгийнхээ зааландаа бэлтгэлээ хийж, бүхнийг мартаж чаддаг. Ер нь бүжгийн хөдөлгөөн бүгд бясалгал юм шиг санагддаг. Бүжгийнхээ тайзан дээр гараад бүх зовлон гунигаа мартаж, бүжигтээ анхаардаг. Нэг талаар бүжгийг урлаг бясалгал гэж ойлгож болно.
-Үндэсний урлагаар хичээллэдэг учраас ихэвчлэн үндэсний хувцсаа түлхүү өмсдөг байх. Үндэсний хувцсаар хэр гоёдог бэ?
-Монгол хувцсандаа маш дуртай. “Ивээл”, “Дээдсийн гоё” брэндийн дизайн нартай хамтарч ажилладаг. Ер нь энгийн үед гэсэн дээл их өмсдөг. Монгол хувцас биед их эвтэйхэн байдаг. Одоо залуучууд монгол дээлээр их гоёдог болсон байна лээ. Бидний монгол соёл өөр хаана ч байхгүй. Дэлхийн аль ч орны хувцастай адилхан биш учраас бид үндэсний дээл болон өв соёлоороо онцгойрдог ард түмэн шүү дээ.
-Бүжгийн урлагийн гол зүйл дэглэлт байдаг. Таны хувьд бүжгээ өөрөө дэглэж бүжиглэж байна уу. Эсвэл өөр дэглээч дэглэлтийг хийдэг үү?
-Тэмцээн уралдаан болон томоохон тоглолтод заавал бүжиг дэглээч, хөгжмийн зохиолчтой хамтарч ажилладаг. Мөн өөртөө зориулсан хувцас хийлгэж, солоо номер дээр мэргэжлийн түвшинд хийдэг. Би өөрөө бүжгээ дэглэж хийнэ гэж байхгүй. Иймээс багш дэглээч заавал авдаг.
-Кино урлагийн салбарт хэд хэдэн дүр бүтээсэн. Кинонд тоглох санал ирж байна уу?
-Миний хувьд 10 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна лээ. Кинонд тоглох санал ирж байгаа. Үндсэн мэргэжлийнхээ чиглэлээр бүх зүйлээ зориулах хугацаа болчихсон учраас олон зүйл рүү орохгүй гэж бодож байгаа. Бүжигчин хүн байнгын бэлтгэл сургалттай байж бүх хөдөлгөөний давж гардаг. Кинонд тоглохоор зураг авалт нь сар гаруй үргэлжилдэг учраас бэлтгэл тасрах гээд байдаг талтай. Иймээс одоохондоо бүжгийн урлагтаа хамаг анхаарлаа хандуулж байгаа.
-Байнгын бэлтгэлтэй байдаг гэж байна. Долоон хоногийн хэдэн өдөрт бэлтгэлээ хийж байна. Чөлөөт цаг гардаг уу?
-Манай театр төлөвлөгөөт уран бүтээлийн тоглолтууд байнга тавигдаж байдаг. Ерөнхийдөө долоон өдөр бэлтгэл хийх тохиолдол байдаг. Тогтсон амардаг өдөр гэж байдаггүй. Хэзээ ч ажилтай байж болно. Хэзээ ч амарч болдог. Чөлөөт цаг гарахаар гэр бүл болон дотнын хүмүүстэй өнгөрөөдөг.
Ажил дээрээ их цагаа өнгөрөөдөг учраас цаг зав гарвал хүүхдүүд болон гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гардаг. Мөн усан бассейн болон фитнесээр хичээллэдэг. Би амраад формоо бариад байдаг хүн биш. Байнга хөлсөө гаргаж байхгүй бол формоо алддаг төрлийн хүн учраас байнгын хөдөлгөөнтэй байдаг.
-Театр ажиллаж байгаа бүжигчдийн үнэлэмж цалин мөнгөний хангаж хэр байдаг бэ?
-Одоогоос 10 жилийн өмнө цалин хангамж муу байсан. Үндэсний мэргэжлийг нэг их тоодоггүй байсан. Харин одоо бол өөр болсон. Хэн хөдөлмөрлөж чадвартай байгааг нь үнэлдэг болсон. Манай Үндэсний урлагийн их театрын удирдлага хуулийн дагуу уран бүтээлчдийн үнэлэмжийг сайжруулж нэмэлт урамшуулал олгодог болсон. Залуу уран бүтээлчдийг маш сайн урам зориг өгдөг. Хувь хүн өөрийгөө сайн хөгжүүлэх нь чухал.
-Бага болон өсвөр насны охид бүжгээр хичээллэх сонирхолтой байдаг. Шинээр суралцаж байгаа хүүхдүүд гараагаа хэрхэн зөв тавих ёстой вэ?
-Бүжгийн дугуйлан явж байгаа гэсэн мэргэжлийн Монгол Улсын Консерватори дээр очиж шалгуулж балетын бүжигчин, мэргэжлийн бүжигчин болох уу гэдгээ шалгуулах хэрэгтэй. Харин сонирхлын хүрээнд бол бүжгийн клуб дээр очиж хичээллэх боломжтой. Эмэгтэй хүүхдүүд биеийн зөв авах, төгс галбиртай болох боломжтой. Харин мэргэжлийн бүжигчин болох гэж байгаа заавал шалгуулах нь чухал. Бүжгийн урлаг гоо зүйн урлаг учраас царай зүс биеийн галбир үсрэлт сунгалт зэргийг хардаг. Иймээс мэргэжил хүнд очиж шалгуулахыг зөвлөнө дөө.
-Ер нь бүжгээр багаасаа хичээллэж эхлэх ёстой юу?
-Ерөнхийдөө гурван настайгаас эхлээд сунгалтын дасгал хийлгэж эхэлбэл нуруугаа зөв барьдаг болно. Бие авч явах чадвар гоо зүй талаас гэсэн төгс болж өгдөг. Бүжгийн урлаг хүнийг эмх цэгтэй, тэсвэр хатуужилд сургадаг.
-Урлагийн хүний хамгийн гол зүйл гоо зүй гэдэг. Та гоо зүйдээ хэр анхаардаг бэ?
-Бүжигчин хүний хувьд нуруу тэгш авч явахаас эхэлнэ. Аль болох донжтой, эвтэйхэн хувцаслаж явахыг боддог. Ер нь эмх цэгтэй байхыг эрхэмлэж явдаг даа.
-Танай гэр бүлд танаас гадна өөр урлагийн хүн байгаа юу. Бүжгийн урлагаар хичээллэхэд ар гэрийнхэн хэр дэмжиж байв?
-Манай аав ээж хоёр урлагийн хүмүүс байдаг. Дүрслэг урлаг уран зургийн чиглэлийн хүмүүс бий. Энэ хоёр хүний мэдрэмж нь надад байдаг байх. Мөн миний эгч Хийл, Хуучир хөгжимчнөөр төгссөн. Энэ бүх нь надад нөлөөлсөн байх гэж боддог. Намайг жоохон байх манай эгч байнга хөгжмөө тоглодог байсан. Энэ хөгжим сонсож өссөн учраас нэлээд мэдрэмжтэй болсон байх.
-Таны хувьд Монголын бүжгийн урлаг юу хамгийн их дутагдаж байгаа зүйл юу байна бэ?
-Нэгдмэл нэг бодлоготой, судалгааны төвтэй байвал зүгээр юм уу гэж боддог. Чанаргүй олон бүжгийн студи, дугуйлангууд биш чанартай нь олон байгаасай гэж бодож явдаг. Хэн дуртай бүжгийн дугуйлан нээгээд бүжиг заахаас илүүтэй. Мэргэжлийн түвшинд байвал бүжгийн урлаг маань гоё хөгжинө.
-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн вэ?
-Би хотын унаган хүүхэд. Багаа дуу,бүжиг гэж явсаар байж, Хөгжим бүжигт суралцаж төгсөөд Үндэсний урлагийн их театр ажиллаж эхэлсэн.
-Бүжиглэхээс гадна бас дуулдаг. Сонирхлынхоо дагуу дуулж байгаа гэж ойлгож болох уу?
-Өсвөр насны хүүхдүүд дуулаад хамтлаг гээд яваад байдаг даа. Би бас тийм байсан. Манай ээж намайг дуулуулах дуртай. Дуучин болгоно гэдэг байсан. Ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж дуулсан. Сүүлд гарсан "Миний ертөнц" клипээр бүжгийн жаргал зовлонг гурван минутад багтааэж ойлгулахыг зорьсон. Бүх зүйлийг бүжгээр ойлгуулна гэдэг бол маш хэцүү.
-Эцэг эхээс хэдүүлээ бэ?
-Би аав ээжээсээ 5-лаа, бүгд охид. Айлын дунд хүүхэд доороо гурван эмэгтэй дүүтэй. Бидний үед нийгэм тийм сайхан байгаагүй. Нэгнийхээ хувцсаар ээлжилж гоё явдаг байлаа. Одоо бодохоор их гоё санагддаг. Хамгийн гоё дурсамжтай үе гэж боддог. Энэ нийгмийн хүүхдүүд үнэхээр тансаг болсон. Бидний үед бор цай талх, арвайн гурил, бор гурилаар хийсэн боорцог идэж өслөө шүү дээ. Энэ хамгийн эрүүл хоол байсан байна шүү. /Инээв/
-Бүжгийн урлаг залуу насны урлаг гэдэг. Цаашид юу хийхээр төлөвлөж байна бэ?
-Би баян болох мөрөөдөлтэй байгаа /Инээв/. Бүжгийн урлагт зүрх сэтгэлээ зориулж байгаа бүжигчдийг ивээн тэтгэдэг болох мөрөөдөлтэй. Бидэнд ийм зүйл дутагдаж байна. Бүжгийн урлагт ямар нэгэн ивээн тэтгэгч маш ховор байдаг. Бүжгийн урлагтаа гоё хөрөнгө оруулалт хийдэг болно гэсэн мөрөөдөлтэй байна. Үүнийгээ биелүүлэхийн төлөө хичээнэ. Мөн судалгааны чиглэлээр төгссөн учраас энэ чиглэлээр ажиллана гэж бодож байгаа.
-Цахим орчин хэр идэвхтэй вэ?
-Бүжгийн урлагаа дэлгэрүүлж олон нийтэд хүргэх зорилгоор нэлээд идэвхтэй байдаг. Харин хувь хүн талаасаа лайв хийж, реклам хийхийг боддоггүй. Аль болох бусад гоё үлгэр дуурайлал болохыг бодож явдаг. Ер нь сошиалд нэлээд хянамгай ханддаг.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
М.Бямбаа: Бүжгийнхээ тайзан дээр гараад бүх зовлон гунигаа мартдаг | ||
Үзсэн: 386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.