Шууд Chart

Н.Дэлгэржаргал: Миний ойрын зорилго дэлхийн аваргаас гурван алтан медаль авах

2025-05-31 11:36:22

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж 2024 оны 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөнгөн медаль хүртсэн, Даамын холбооны дэд мастер Н.Дэлгэржаргалыг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Даамын спортоор хэдэн оноос хичээллэж эхэлсэн бэ?

-Би даамын спортоор 2022 онд анх хичээллэж эхэлсэн. Өвлийн хичээлийн амралтаа үр бүтээлтэй өнгөрөөнө гэж бодоод “Хөлөгт тоглоом” клубээ зорьж ирж байсан. Даамын спортоор хичээллэж эхлэхээр сууж сурна. Мөн ухаан их тэлж, сэтгэх бодох чадварыг  дээшлүүж өгөхөөс гадна анхаарлыг минь маш төвлөрүүлж өгдөг. Даамын спортоор гурав сар хичээллэж эхлээд амжилт гаргаж эхэлсэн. Оюуны спортоор хичээллэхээр гоё сонирхолтой байдаг.

-Ямар амжилт гаргаж байсан бэ?

-Өнгөрсөн 2024 оны 11 дүгээр сарын эхээр Польшийн Шклярска-Поремба хотод зохион байгуулагдсан Даамын дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль авсан. 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан байгаа. Мөн 2024 оны улсын аварга шалгуурлах тэмцээнд 64 даамын үндсэн төрөлд мөнгөн медаль авч байсан. Тэмцээнд оролцоод медаль авахаар сэтгэл догдлоод уйлах гээд байдаг. Дэлхийн аваргаас мөнгөн медаль авч байхдаа маш их догдолж, баярлаж байсан.

 

-Анх ямар тэмцээнд орж, амжилт гаргаж байсан бэ?

-Хамгийн анхны тэмцээн бол 2023 онд “Хүлэг тоглоом клуб”-ээс зохион байгуулсан Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Энэ тэмцээнд 7-8 насны ангилалд орж, мөнгөн медаль авч байсан. 2024 оны аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан. Ингээд л даамын спортоор тууштай хичээллэх урам зоригтой болсон юм.

-Хичээлийнхээ хажуугаар даамын спортоор хичээллэхэд хүндрэл бэрхшээл гарч байна уу. Аль сургуульд суралцдаг бэ?

-Одоо энэ спортоор хичээллэхэд ямар нэгэн бэрхшээл байдаггүй. Анх хичээллэж байхад хүндрэл бэрхшээл нэлээд гарч байсан. Би түүнийг даван туулж чадсан. Би Баянзүрх дүүргийн 48 сургуулийн 4-3 ангид суралцдаг. Даамын спортоор хичээллэхэд ангийн багш, ангийн найз нар маш их дэмжиж урам зориг өгдөг. Намайг байнга дэмжиж байдаг ангийн багш Н. Мөнгөншагай багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн найз нартаа баярлалаа гэдгээ хэлмээр байна.

-Чи хэдэн сайн найзтай вэ?

-Хоёр сайн найзтай. Ангийн сайн найзыг Б. Анхмаа гэдэг. Мөн  хамт даамын дугуйланд явдаг найзыг Ч. Оюундарь гэдэг хөөрхөн охин бий.  Найзууд нэгнийгээ байнга дэмжиж, урам зориг өгдөг байх хэрэгтэй. Миний сайн найз бүжгийн спортоор хичээллэдэг. Найзыгаа амжилт гарахаар би маш их баярладаг. Хоёр найзыгаа амжилт гаргах бүрд баяр хүргэж урам өгдөг. Миний найз нар гэсэн надад их урам зориг өгдөг.

 

 

-Даамын дугуйландаа өдөр бүр явдаг уу. Долоон хоногт  хэдэн удаа хичээллэдэг вэ?

-Долоон хоногт гурван  өдөр хичээлдэг. Өдөрт  дөрвөн цагийн бэлтгэл хийдэг. Танхимын сургалт 2 цаг 30 минут,  нэг цаг онлайн сургалт ордог. Бэлтгэлээ муу хийвэл тоглох чадвар буурдаг учраас тогтмол хичээллэх чухал гэж боддог.  

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаар эгч, дүү нартаа даам тоглодог. Мөн дүүтэй гадаа  тоглох дуртай.

-Хэдэн дүүтэй вэ. Ам бүл хэдүүлээ вэ?

-Би нэг эрэгтэй дүүтэй. Дүүтэйгээ хамт тоглож, даам зааж өгдөг. Миний эгч бас даам тоглодог. Би эгчтэйгээ хамт даамаар хичээлдэг. Манай ээж аав хоёр эгч бид хоёрыг маш сайн дэмждэг. Манайх ам бүл зургаа. Би хоёр эгч, нэг дүүтэй.

 

 

-Ямар хичээлдээ дуртай вэ?

-Миний хувьд математик, биеийн тамирын хичээлдээ сонирхолтой. Тэмцээн уралдаан оролцохоор олон хоногоор хичээлээсээ чөлөө авдаг болохоор хичээлийн хоцрогдол их гардаг. Энэ нэлэд хүндрэлтэй. Гэхдээ  хоцорсон хичээлээ ангийнхаа хүүхдүүдээс нөхөж, заалгаж авдаг.

-Чи ямар мэргэжилтэй болох мөрөөдөлтэй вэ?

-Би том болоод даамын багш болох мөрөөдөлтэй. Энэ спортоор хичээллээд олон амжилт гарсан, үлгэр дуурайлал авах хүмүүс их байдаг. Миний хамгийн гол зорилго олон улсын их мастер болохыг хүсдэг.

-Тэмцээн уралдаанд оролцохдоо өөрийн насандаа л орж байна уу?

-Тэмцээн уралдаан оролцохдоо ихэвчлэн өөрийнхөө насанд ордог. Заримдаа нас өгсөж орох тохиолдол байдаг. Миний хувьд эгч нартайгаа тоглохоор хожигдох бий гэсэн айдас байгаад байдаг. Одоо үүнийгээ даван туулах гээд хичээж байна.

-Даам тоглохдоо хугацаа минутад амжих нь чухал. Хугацаанд амжихгүй байх тохиолдол гарч байсан уу?

-Даамын үндсэн  нь 50 минут, түргэвчилсэн нь 15 минут байдаг. Харин блиц нь 5 минут байдаг. Хугацаандаа амжихгүй  бол цаг унаж хожигдол авдаг. Миний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн сүүлийн өрөг дээр маш харамсалтай хожигдсон. Маш их довтолсон байдал дээр цаг хангалттай байсан. Би ямар бодолгүй нүүж алдаа гаргаад хожигдсон. Энэ үнэхээр харамсалтай байсан. Одоо цагтай ажиллаж, хугацаандаа амжиж тоглож сурсан.

 

-Эх орондоо зохиогдож байгаа тэмцээн уралдаан хэр их оролцож байна?

-Манай улсад болж байгаа тэмцээнд уралдааныг алсгахгүйгээр ордог.

 -Зуны амралтын хэрхэн өнгөрөөдөг вэ?

- Зуны амралтаар гэсэн даамаар хичээллэж бэлтгэлээ хийдэг. Эгчтэйгээ  хамт бодлого бодож, даам тоглодог.

-Даамын бодлого бодоход хэцүү юу?

-Даамын бодлого гурван түвшинд байдаг. Анхлан суралцагч, дунд , ахисан түвшин гэж байдаг. Би ахисан түвшний бодлого боддог. Ерөнхийдөө 5-8 нүүдлийн бодлого бодож байгаа. Бодлогоо бодож чадахгүй бол хичээж сууж байгаад аргын олоод боддог.

 

-Ойрын зорилго юу?

-Найман сард дэлхийн аваргад оролцох сорилго тэмцээнд  болно. Энэ тэмцээндээ сайн бэлдэж байгаа. Бэлтгэлээ  сайн хийж байгаад 10 дугаар  сард  Турк улсад болох  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зорилго тавьж байгаа. Дэлхийн аваргад оролцож, авч чадаагүй медалиа авахын төлөө зүтгэнэ. Миний  ойрын зорилго гэвэл дэлхийн аваргаас гурван алтан медаль авах.

- Хэнээс хамгийн их үлгэр дуурайлал авдаг вэ?

-Даамын Дэлхийн аварга шалгууруулах тэмцээний гурван алтан медальтай Г. Дэлгэрмаа эгчээс маш их үлгэр дуурайлал авдаг. Би кол тоглодог. Одоо сонгодог тоглож байгаа. Колын байрлал нь 24-23, 27-28 энэ дөрвөн буудал дээр байдаг. Би кол тоглохоо их сул талтай. Энэ нь зүүн жигүүрээ бөөгнөрүүлээд байдаг. Төвөө авахгүйгээр захаар нүүж тоглоод байдаг. Багш маань төвөө сайн бэхжүүлж тоглох хэрэгтэй гэдэг. Багш маань Кол тоглохоос илүүтэй сонгогддогоор тогловол илүү амжилт гарна гэж зөвлөдөг.  

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Н.Дэлгэржаргал: Миний ойрын зорилго дэлхийн аваргаас гурван алтан медаль авах  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй