
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу газрын даргын баталсан 02-01/163 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 58 байгууллагад Цөмийн энергийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 31-ийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүллээ.
Үүнд: Цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлгүй ашигласан, цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөгүй, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй, дотоод хяналтын ажилтанг тушаалаар томилоогүй, цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт болон мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулаагүй, рентген шинжилгээ хийгдэж байгаа үед дотоод хяналт тавьдаггүй, цацрагийн анхааруулах тэмдэг, санамж байхгүй, рентген шинжилгээний үед шинжлүүлэгчийн авсан тунгийн хэмжээ, техникийн өгөгдлүүдийг журналд тэмдэглээгүй, өвчтөн асран хамгаалагчийг цацрагаас хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн.
Дээрх зөрчил дутагдлыг арилгуулахаар 28 байгууллагад 220 заалттай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллага /Оксман, Хашталст, Бестдент, Эн Си Эм Би, Шударга гарц, Эдэндент, Би Си медикал, Имелагүн, Пасификдент, Кутикул, Эм Жи Коллейкшн, Одуванчик, Шинэшидэт-Од, Энхномин-Эрдэнэ, Налайх урангар, Цэцэн сар, Жи И Би Эс, Энхийг цацруулагч, Амартүвшинмэнд, Энхцөгц, Фиссурит, Ци Ци, Огиноо, Смарт интеншион/-ын рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 18 албан тушаалтанд нийт 15,840,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.
Хяналт шалгалтын үр дүнд рентген аппаратыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй байсан ноцтой зөрчлийг таслан зогсоож, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй шүдний эмнэлгээр үйлчлүүлэх дунджаар 15,000-20,000 иргэдийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй байдлыг хангууллаа.
Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд нь Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг мөрдөж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлтэйгээр ашиглах, ашиглаж буй рентген аппарат, тоног төхөөрөмжид тохируулга, чанарын хяналтыг тогтмол хийлгэж, чанарын шаардлага хангасан рентген аппаратаар оношилгоо хийж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчихгүй байхыг анхааруулж байна. Энэ нь хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлж, өвчнийг зөв оношилох, шаардлага хангасан зургийг гаргаж авах, эмчилгээ оношилгооны үед өвчтөн болон бусад хүмүүсийг цацрагийн аюулгүйн стандартад заасан тунгийн хязгаараас илүү шарлагад өртүүлэхгүй байх зэрэгт чухал ач холбогдолтой юм.
Иргэд рентген зураг авахуулахдаа үйлчлүүлж буй эмнэлгээсээ цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийг шаардаж, өөрийгөө болон үр хүүхдээ цацрагийн нэмэгдэл шарлагад өртүүлэхгүй байж, шаардлагатай тохиолдолд л рентген зураг авахуулж байхыг ард иргэдэд зөвлөж байна.
Эмнэлгүүдийн рентген аппаратуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийжээ | ||
Үзсэн: 2326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.