
Нэг тийм хайрлахгүй, хүндлэхгүй байхын аргагүй эмэгтэй байдаг даа. Золоо яг л тийм эмэгтэй. Ажил гэхээр “гүйж” л явдаг, үүрэг өгөхөд үгүй гэдэггүй, хөдөлмөрч, бүтээлч, мэргэжилдээ эзэн болсон бүсгүй. Тэгээд бас цэрэгжилт өндөр. Хэлний мэдлэг сайн. 2019 оны наадмын дараахан үдээс өмнө “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих сургуульд англи хэлний орчуулга хийж байсан тэр үдээс хойш нь “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд орос хэлний орчуулга хийж байх жишээтэй. Мэдээж хэлний мэдлэг нь энгийн нэгэн ярианы түвшинд биш албан ёсны орчуулга шүү дээ. 2017 онд Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээнд журмын нөхөдтэйгөө цэргийн хүний бэлтгэлжилт, тэвсэр тэвчээрийг “үнэртүүлээд” талд гүйж явахыг нь хараад хайрлаж зогссон сон. 2018 онд “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд салааны захирагчаар цог жавхаатай алхаж явахыг нь үзэгчийн суудлаас харахдаа бас л түүнээр бахархсан. Олон тохиолдлоор залуу үеийн эмэгтэй офицеруудаа манлайлж байгаа ч тэр хэзээ ч өөрийгөө дөвийлгөдөггүй. Дэндүү гэмээр даруухан. Түүнийг би лав ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргалын залгамж халаа, залуу үе гэж хардаг. Зан араншин ч төстэй. Ингээд ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн олон улсын гэрээ, эрх зүйн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Золжаргалыг “Залуу үе” буландаа урьж ярилцлаа.
-Золоо, нутаг хаана вэ?
-Өвөрхангай аймгийн Сант сумынх.
Зэвсэгт хүчинд хэд дэх жилдээ алба хааж байгаа билээ?
-2008 оноос хойш 12 дахь жилдээ алба хааж байна.
Арай л товч хариулаад байна аа...
-(инээв). За, тэгвэл одоо хичээнэ ээ.
-Ямар, ямар сургууль дүүргэсэн бэ?
-2008-2014 онд ОХУ-ын Москва хотод байрлах БХЯ-ны харьяа Цэргийн их сургуулийг англи, франц хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. 2019 онд АНУ-ын Батлан хамгаалахын Олон улсын эрх зүйн судалгааны хүрээлэнд Цэргийн хуулийг боловсронгуй болгох хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ АНУ-ын Батлан хамгаалахын хэлний институтын англи хэлний дамжаа, НҮБ-аас Энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр зохион байгуулдаг богино хэмжээний сургалтуудад сууж, мэргэжил дээшлүүлсэн.
-Оросын цэргийн сургуульд очоод англи, франц хэл сурна гэдэг нэлээд хүчин чармайлт гаргасан байх, тийм үү?
-Тэр үедээ маш их хүч хөдөлмөр зарцуулсан. Тэгж байж орос хэлтэй, англи хэлтэй, франц хэлтэй болно шүү дээ. Франц хэлээ сургууль төгссөнөөс хойш бараг ашиглаагүй болохоор мартсан тал бий. Гэхдээ сэргээхэд гайгүй байх.
-Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулагддаг ямар сургалт, дадлага, уралдаан тэмцээнд оролцож байв. Туршлага, сургамж үлдээсэн нь лавтай...
-Хоёр талын болон олон улсын хамтарсан сургалт, дадлага, зөвлөлдөх уулзалт, хурал,семинаруудад ихэвчлэн оролцжээ. Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу явагддаг шүхрийн буулт болоод тусгай бэлтгэлийн аварга тасаг, салаа шалгаруулах тэмцээнд 2015, 2017 онуудад оролцож байсан. Мэдээж таны хэлсэнчлэн энэ бүхэн сургалт, дадлагууд маш их туршлага, сургамж үлдээдэг. Тэр дундаас хамгийн мартагддаггүй нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид байхдаа гүйцэтгэсэн шүхрийн буулт. Дөнгөж офицер болоод удаагүй байсныг ч хэлэх үү их юм бодогдуулсан шүү. Гадаадын цэргийн сургууль төгсөөд ирсэн цэргийн алба хаагчдад “хөрсөн дээрээ бууна” гэсэн нэг ойлголт байдаг юм. Энэ дамжаа намайг Монголынхоо Зэвсэгт хүчний “хөрсөн дээр буухад” их чухал нөлөө үзүүлсэн. 2015 оны нэгдүгээр сарын өвлийн ид хүйтэн үед шүхрийн буултын гол сургалтууд явагдаж, цэргийн хүнд хатуужил, тэвчээр ямар чухал болохыг тэгэхэд ойлгосон. Тэгээд гуравдугаар сард анхны шүхрийн буултаа хийсэн. Анх буучихаад “Онгоцноос гараад хэдхэн минутын дараа газардахын төлөө тийм их хүч, хөдөлмөр зарж бэлтгэл хийх хэрэг байсан юм уу даа” гэж бодсон ч, дараа дараагийн буултуудаас аюулгүй, осол гэмтэлгүй буухын үндэс нь тэр их бэлтгэл, сургуулилт юм байна гэдгийг ойлгосон. Одоо бодоход бэлтгэжилтийг биеэр амсаагүй, онолжсон надад шүхрийн буулт амархан санагдсан юм шиг байгаа юм.
-Одоо бол танд амархан уу?
-Үгүй. Юм бүхэн амархан байдаггүй. Ялангуяа, шүхрийн буулт гэдэг ур чадвар, бэлтгэлжилт, сонор сэрэмж бас мэдрэмж шаарддаг зүйл. Гэхдээ яг шүхрээр бууж байхад ямар сайхан гэж санана. Үгээр хэлэхийн аргагүй бахархал, омогшлыг мэдэрдэг юм. Анхныхаа шүхрийн буултын дараа залгуулаад Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд гарч байлаа. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид алба хааснаараа үргэлж бахархаж явдаг шүү. Шүхэрчин дайчдаасаа суралцах зүйл их байсан. Харин ЗХЖШ-т томилогдсоноос хойш олон хамтарсан сургалт, дадлагуудад оролцож, туршлага хуримтлуулж байна. Хэлтсийнхэн маань ч их сайхан хамт олон. Хэзээд нэг цул байж чаддаг, нэгнээ хайрлаж, хүндэтгэдэг мундаг хүмүүс бий.
Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургуулийн тухайд хамгийн анх 2015 онд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуульд оролцож байв. Түүнээс хойш “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль, “Аравт” олон улсын морин цэргийн олон улсын уралдаан, зарим орны Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Нүүдэлчин дайчид, “Баланс мэжик” сургалт, дадлагууд, Хуурай замын цэргийн командлалуудын зөвлөлдөх уулзалт гээд цөөнгүй бий.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Н.Цэдэнсодном гэдэг, “Миний дэлгүүр” ХХК-д программист-ахлах мэргэжилтнээр ажилладаг. Бид Ц.Өсөхбаяр гэдэг хүүтэй.
-Таны баримталдаг чанар?
- Нэг их сүртэй баримталдаг зарчим байдаггүй. Ер нь бол цагийг хий дэмий, үр ашиггүй өнгөрөөх дургүй. Шинийг сурах, мэдэх дуртай. Хичээвэл боломж үргэлж байдаг гэдэгт итгэдэг. Д.Урианхай гуайн хэлсэн нэг үг их таалагддаг. “Чаддагаа давтах нь бахтай биш. Энэ бол дийлдэгээ зодохтой адил. Хийж чадахааргүй ажлын цаана л чиний хэмжээ буй” гэж. Тиймээс “Би чадахгүй” гэж хойш суухын оронд оролдоод үзвэл бүтэхгүй зүйл гэж ховор гэж боддог. Одоогоор надад чаддаг гэхээсээ чаддаггүй зүйл илүү олон байгаа учраас чаддаг хэдэн зүйлтэй болохын тулд суралцсаар л байх болно.
-Таны хүсэл мөрөөдөл?
-Хүсэж мөрөөддөг зүйлүүд зөндөө бий. Хамгийн гол нь хүсэж мөрөөдөхийн өмнө эрүүл саруул байх ёстой. Цаашлаад амьдралын зөв дадал, зуршлыг хэвшүүлэхэд тууштай байх ёстой. Амьдралдаа том, том төлөвлөгөө тавиад түүнийхээ төлөө зогсолтгүй зүтгээд байсан чинь өвчин тусчихвал яах вэ. Тийм болохоор ажил, амьдралаа зохицуулж сурах ёстой. Эрүүл хүн хамгийн үзэсгэлэнтэй байдаг шүү дээ.
Эх сурвалж: ЗХЖШ
Б.Золжаргал: Хичээвэл боломж үргэлж байдаг | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.